Энэ сарын 20-ны өдрийг хүртэл бүх шатны хичээл цахимаар орно
Баянхонгор аймгийн хэмжээнд коронавируст халдварын нийт тохиолдлын 30.2 хувь нь сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүд, 5 хувийг багш, ажилчид эзэлж байна.
Тухайн нөхцөл байдлаас үүдэн бүх шатны хичээл, сургалтыг энэ сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд цахим хэлбэрээр явуулах шийдвэрийг аймгийн Онцгой комисс гаргалаа.
Мөн одоогийн ажиллаж байгаа эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болсонтой холбогдлуулан стандартад нийцсэн байранд 130 ор дэлгэж “Тусгаарлах эмнэлэг”-ээр бэлтгэн, өвчтөн хүлээн авах ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. "Ковид-19" цар тахлын халдвар эрс нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагын хүн хүч, орны хүчин чадал хүрэлцэхгүй байгаатай холбогдуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор шат дараатай арга хэмжээнүүдийг авч байгаа аж.
Ташрамд, Баянхонгор аймгийн хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 6409, үүнээс 4114 иргэн бүрэн эдгэрээд байна.