Бүртгэл хяналтын нэгдсэн системийг нэвтрүүлэн ажиллаж байна
Баянхонгор аймгийн Онцгой комиссын дэргэдэх Мэдээлэл технологийн баг мэргэжлийн ангиудын үйл ажиллагааг харилцан уялдаагаар хангах, иргэдэд хүргэх үйлчилгээг хөнгөвчлөх, мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна.
Тодруулбал, гэрийн ажиглалтад байгаа иргэдийн хөдөлгөөнийг хянах зорилгоор Clix GPS программыг иргэдийн гар утсанд суулгаж цахимаар хянаж эхэлжээ. Мөн батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлын мэдээллийн нэгдсэн бүртгэл, лавлахыг бий болгон 7044-0119 дугаарыг ашиглалтад оруулан автомат хариулгын сүлжээг бий болгон, эрүүл мэндийн шуурхай штабын үйл ажиллагаанд цахим харилцааг нэвтрүүлээд байна.
Энэ сарын 16-ны өдрөөс эхлэн аймаг руу орох, гарах хөдөлгөөний бүртгэл хяналтын нэгдсэн системийг Өлзийтийн постод нэвтрүүлж, холбогдох мэргэжлийн байгууллага, шуурхай штабуудад мэдээлэл шууд хүрдэг болжээ. Мэдээлэл технологийн баг "Хөдөлгөөн үйлдэж буй иргэдийн бүртгэл хяналтын нэгдсэн систем"-ийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.