Буяны сугалаагаар Пикассогийн бүтээлийг хожих боломжтой

ПАРИС, 2026 оны дөрөвдүгээр сарын 13 /Kazinform/. Алдарт Пабло Пикассогийн бүтээлийг 100 еврогоор хожих ховорхон боломжийг олгох буяны сугалааг Францад зохион байгуулах гэж байгаа бөгөөд цугласан орлогыг Альцгеймер өвчний судалгааг санхүүжүүлэхэд зарцуулах ажээ.
Сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 14-нд Christie's дуудлага худалдааны ордонд болно. Сугалааны гол шагнал нь зураачийн 1941 онд туурвисан "Tête de Femme" (Эмэгтэй хүний нүүр) хэмээх бүтээл юм.
Энэ бол анх удаа хэрэгжүүлж буй төсөл биш юм. 2013 онд "1 Пикассог 100 еврогоор" гэдэг буяны сугалаагаар АНУ-ын гал түймэртэй тэмцэх албаны нэгэн ажилтан алдарт зураачийн "Дуурийн малгайтай хүн" гэдэг бүтээлийг (1914 он) хожиж байжээ. Мөн 2020 онд зохион байгуулсан сугалаанд Италийн нэгэн эмэгтэй азтан болж, Пикассогийн натюрморт зургийг хожиж байжээ.
Урьд нь сугалаанд тавигдсан нэгэн бүтээлийг хадгалж байсан цуглуулагч Дэвид Нахмадын хэлснээр, зураач өөрөө ийм санаачилгыг дэмжих байсан гэнэ. Пикассо амьд ахуйдаа зургуудаа танилууддаа бэлэглэх дуртай байсан төдийгүй урлагийг олон нийтэд хүртээмжтэй болгохыг эрмэлздэг байсныг тэрбээр онцолжээ.
Парис хотын тэргүүлэх улсын эмнэлгүүдийн дэргэдэх Альцгеймер өвчний судалгааны сангаас уг сугалааг зохион байгуулж байгаа ажээ. 2004 онд байгуулагдсан тус сан энэ өвчний судалгаанд хөрөнгө оруулдаг Франц дахь хамгийн том хувийн санхүүжүүлэгч болжээ. Зургийг сугалааны тохирол болохоос өмнө Christie's галерейд дэлгэн үзүүлэх ажээ. Нийтдээ 120 мянган тасалбар худалдаж, 12 сая евро цуглуулахаар төлөвлөж байна. Үүнээс 1 сая орчим еврог уг бүтээлийг эзэмшдэг Opera Gallery авна. Өмнөх хоёр сугалаагаар нийт 10 гаруй сая евро цугларсныг Ливан болон Африкийн орнуудад хэрэгжүүлж буй соёл, хүмүүнлэгийн төслүүдэд зарцуулжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг