Сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

457
Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Хүрд” гэдэг газар иргэн М, Н нар энэ сарын 03-ны өдөр гэрээсээ мотоциклоор яваад сураггүй болсон бөгөөд мотоциклыг нь “Эг”-ийн голын бетон гүүрний хажуугаас олжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, “Булган авто зам засвар арчлалт” ТӨХК-ийн ажилтан, ар гэрийн хүмүүс тус сумын харьяат иргэн 52 настай М /эрэгтэй/, 40 настай Н /эрэгтэй/ нарыг 09-ний өдөр “Эг”-ийн голын эрэг дагуух тогтоол усыг насосоор соруулж, мөн эрэг дагуу явганаар 6 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Эрлийг өнөөдөр дахин үргэлжлүүлж байна.
Мөн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар 45 настай, сэтгэчийн өөрчлөлттэй эмэгтэй Ц наймдугаар сарын 20-ны өдрийн 10:00 цагийн орчим гэрээсээ айлд цагаан идээ хүргэхээр явганаар яваад сураггүй болсон. Дуудлага мэдээллийн дагуу тус сумын Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй нь энэ сарын 08-ны өдөр “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар мориор болон автомашинтай 4 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрлээ түр зогсоожээ.
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Хяргын ганц-Уул” гэдэг газар наймдугаар сарын 19-ний өдрийн 04:00 цагт хадлангийн майхнаасаа явганаар гараад сураггүй болсон 53 настай Г-ийн малгай, гадуур, дотуур цамц олдсон байна. Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөс тусламж хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг наймдугаар сарын 27-ны өдрийн 20:49 цагт онцгойгийнхон хүлээн авчээ. Сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд энэ сарын 02-ны өдрийн 10:20 цагийн орчим Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн Нэрстийн цоорхой гэдэг газар түүнийг мод руу гүйж орсон гэсэн мэдээллийг жимсэнд явж байсан хүмүүс өгсний дагуу 10:55 цагаас эхлэн “Нэрстийн цоорхой” гэдэг газраас 15 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Улмаар өчигдөр буюу 09-ний өдөр сумын Засаг даргаар ахлуулсан иргэд Ренчинлхүмбэ сумын “Хоолойн зах” багийн “Булгайн даваа” гэдэг газраас 8 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч мөн л үр дүнд хүрээгүй, өнөөдөр эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn