Жиндээ орж чадаагүй бөхөө Энэтхэгийн Ерөнхий сайд урмын үгээр тэтгэв

151

Парисын зуны олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд алтан медалийн төлөө барилдахаар Энэтхэгийн Винеш Погат шалгарсан ч гэлээ жиндээ орж чадаагүй тул хасагдаж, тун харамсалтай явдал болсон. 
Тэмцээний эхний өдрийн орой Винеш Погатын биеийн жин 52 кг буюу байх ёстойгоосоо 2 кг-аар илүү гарсан тул маргааш өглөө нь дахин жин үзүүлэх хүртэл амжиж хасахыг хичээсэн ч 100 гаруй грамм яаж ч чадалгүй илүү гарснаар хасагдсан. 
Тэгвэл Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди тамирчнаа энэ хэцүү цаг үед нь дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ яагаад жин нь гэнэт огцом нэмэгдсэний учир шалтгааныг олохыг даалгасан байна. 
“Винеш, чи бол аваргуудын аварга. Чи бол энэтхэг хүн бүрийн бахархал. Өнөөдрийн энэ явдал хүн болгоны сэтгэлийг шаналгалаа. Сэтгэлдээ хичнээн харамсаж буйгаа үгээр илэрхийлж хэлж чаддаг ч болоосой гэж бодогдож байна. Сэтгэл минь зовохын зэрэгцээ мөн чамайг ямар гайхамшигтай сэтгэлийн тэнхээтэй хүн билээ гэдгийг бас мэднэ. Чи үргэлж хүнд хэцүүтэй нүүр тулж, тэмцэж өдийг хүрсэн хүн. Илүү их хүчтэй болоод эргэн ирээрэй! Чамайг бид бүгдээрээ чин сэтгэлээсээ дэмжиж байгаа шүү” хэмээн Нарендра Моди өгүүлжээ.
Винеш Погат Олимпын наадамд гарцаагүй түрүүлнэ гэгдэж байсан Японы бөх, Олимпын аварга, Дэлхийн аварга Юүи Сусакитай 2:2-оор тэнцэж, бүхэл онооны чанар болон сүүлд авсан онооны үнэлэмжээр ялсан. Дараагийн өрсөлдөгчөө мөн ялснаар финалд гарсан юм. Үүнээс гадна Винеш Погат бол Энэтхэгийн чөлөөт бөхөд олон жилийн архагшин тогтсон ялзралын эсрэг тэмцэж, гудамжинд эсэргүүцлийн суулт хүртэл хийж байлаа. Эмэгтэй бөхчүүдийг хүчирхийлж, хүчинддэг гаж буруу, ёс бус үйлдлийн эсрэг эрс тэмцсэн тамирчин гэдгээрээ энэтхэгчүүддээ өндрөөр үнэлүүлсэн тэмцэгч эмэгтэй юм.
Винеш Погат харамсалтайгаар алтан медалийн төлөө барилдах эрхээ хасуулсны дараагаар “Ээж ээ, бөх ялж, би ялагдчихлаа. Ялагдаад...зориг зүрх минь үгүй болж, хүч тэнхээгүй болчихлоо” хэмээн сошиал хаягтаа бичсэнээр тамирчны замналаа өндөрлүүлж буйгаа зарласан байна.

https://news.zindaa.mn/4wy2
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn