БАЯНХОНГОР: Ахмадууд төрөл бүрийн спортоор хичээллэх танхимтай боллоо

193


Монголын Мастеруудын биеийн тамир спортын Баянхонгор аймаг дахь салбар хорооны ахмадууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, төрөл бүрийн спортоор хичээллэх боломжтой өрөө танхимтай боллоо. Аймгийн Биеийн тамир спортын газар байрлах тус танхимд одоогийн байдлаар шагай, шатар, даам, дартс тоглох, йога хийх орчныг бүрдүүлээд байгаа бөгөөд цаашид тохижилтын ажил үргэлжлэх юм байна.

Тус салбар хороо нь 2018 онд байгуулагдсанаас хойш Баянхонгор аймгийн нийт иргэдийн эрүүл мэнд, оюун ухаан, бие бялдрын чадавхийг сэргээн дэмжих, тэдний чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, ахмадуудын урам зоригийг сэргээх олон үйл ажиллагааг зохион байгуулж буй. Энэ хугацаанд спортын шинэ төрөл болох Софт волейбол, Граунд гольфийн спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэхэд илүү анхаарсны зэрэгцээ шатар, теннис, кросс, дартс, спортын бүжиг гэсэн долоон төрлөөр аймгийнхаа ахмадуудын наадмуудыг зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Мөн төрөл тус бүрийн аймгийн аварга,  Улсын аварга шалгаруулах тэмцээн, ахмад мастеруудын тавдугаар их наадамд Баянхонгорын ахмад мастерууд 145 алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.

2022 онд Монголын Мастеруудын VI их наадмыг Баянхонгор аймагтаа амжилттай зохион байгуулж багаараа тэргүүн байранд шалгарсан бол тус салбар хороо нь үйл ажиллагаагаараа 2018-2022 онд дөрвөн удаа шалгарч, Монголын Мастеруудын биеийн тамир спортын “Шилдэг хороо”-гоор шалгарч батламж, “Алтан хараацай” цом хүртжээ. Мөн тус салбар хорооны ахмад тамирчин Б.Оюунтогтох нь Япон улсад болсон 11 орны 260 гаруй ахмад тамирчин оролцсон Олон улсын тэмцээнд амжилттай оролцож, "Алтан бөмбөг"-ийн эзэн болсон байна.



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn