БАЯНХОНГОР: Монгол дахь Энх тайвны корпусын удирдлагын баг Баянхонгорт ажиллалаа
Монгол дахь Энх тайвны корпусын удирдлагын баг Баянхонгорт ажиллах үеэр Баянхонгор сумын удирдлагууд, ЕБС-иудын ажлын багийнхан хүлээн авч уулзлаа. Мөн үеэр талуудын хэрэгцээ шаардлагыг сонсож, хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөмж, мэдээлэл өгч, санал солилцсон байна. Багш нар ажлын байрандаа хөгжих, мэргэжлийн чадавхийг сайжруулах, хүүхэд хөгжил хамгаалал, амьдрах ухааны чиглэлээр сургалт авах, байгууллагын албан хаагчдын англи хэлний боловсрол, хувь хүний хөгжил, байгаль экологи, эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Сайн дурын ажилчид англи хэлний боловсрол олгох болон орон нутгийн хөгжил зэрэг төслүүд дээр Монгол Улстай хамтран ажиллаж байгаа юм. Энх тайвны корпусын сайн дурын ажилтнаар 1991 оноос хойш 1500 гаруй хүн ажилласнаас Баянхонгор аймагт 56 сайн дурын ажилтан ирж ажиллажээ.
Сайн дурын ажилтнуудын ажиллах чиглэл, хөтөлбөр шинэчлэгдэн “Англи хэлний боловсрол болон хамт олон, орон нутгийн хөгжил” хөтөлбөр хэрэгжиж, ажиллах цагийн хуваарьт орон нутгийн хөгжлийг дэмжих цаг оруулж өгсөн нь салбар хоорондын хамтын ажиллагааг хангаж ажиллахад ач холбогдолтой юм.
Баянхонгор аймагт Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бөгөөд ЕБС-иуд маань сайн дурын ажилтан ажиллуулах бэлтгэл ажил, төлөвлөгөөг гарган, сонгогдох өндөр хүлээлттэй байна.