БАЯНХОНГОР: Сайн дурын ажилтнууд хөтөч хийж байна
Монголын Хүүхдийн спортын зуны VII наадамд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 5000 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Эдгээр тамирчин хүүхдүүд, багш дасгалжуулагч нарт хөтчийн үүрэг гүйцэтгэхээр 20 цэгт 60 сайн дурын ажилтан ажиллаж байна.
Сайн дурын ажилтнууд нь тэмцээнд оролцогч баг тамирчдад тэмцээн болох спорт заалнуудын байршлыг зааж өгөх, хүргэж өгөх, атобусны чиглэл, маршрут заах, нээлт, хаалт, соёл урлагийн үйл ажиллагаа зохион байгуулах газарт хүргэх, хоолны газар, дэлгүүр, үйлчилгээний газруудын байршил заах, орон нутагтай танилцах аяллын өртөөнүүдэд хүргэж өгөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна.