БАЯНХОНГОР: Түйн голын бургасыг өргөтгөн тариалж байна

191


Баянхонгор аймгийн Түйн голын эрэг дагуух цагаан бургасыг өргөтгөж тариалахаар 700 ширхэг модны нүх ухан, бургас мод суулгаж байна. Байгалийнхаа аясаар ургадаг уг модыг нэмж тариалснаар Түйн голыг нар салхинаас халхалж, хүн малын хөлөөс "тусгаарлаж", эргийн хөрс газрыг элэгдэл эвдрэлээс хамгаалж, ус чийгийг нь барих олон давуу талыг бий болгоно гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна.

Бургас нь хумсын толион чинээхнээс /2.5см/ эхлэн хулснаас өндөр /40м/ хагас метр бүдүүн мод болж ургадаг өвөрмөц мод.

Түйн гол нь Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтах ба Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум буюу Хангайн нуруунаас эх авч, аймгийн хилийн наагуур урссаар Нууруудын хөндий дэх Орог нуурт цутгадаг. Голын эрэг голдирлын дагуу Баянхонгор аймгийн төв Баянхонгор хот, Эрдэнэцогт, Өлзийт, Жинст, Богд зэрэг сумын төв байх агаад бас бус багууд байрлана. Уул уурхайн үйл ажиллагаа, дулаарал, говийн уур амьсгал, бага хур тунадас зэргээс шалтгаалан голын ус багассаар буй нь хүн зоны сэтгэлийн зовнил болж байна.

Мөн Түйн голын цагаан бургас хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж талбайн хэмжээ буурч, ургалт удаашрах зэрэг сөрөг нөлөөлөлд өртөөд байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд арчилгаа тордолгоог тодорхой хэмжээнд хийж, хамгаалснаар шугуй зарим хэсгээр өтгөрч, гол усны түвшин багагүй нэмэгдээд байгаа аж. Тиймээс урин дулааны улиралд бургас руу автомашинтай нэвтэрч, аялж зугаалах иргэдийн тоо эрс нэмэгддэг тул зарим эрсдэлээс сэргийлж бургасан шугуйн зам дагуу хаалтыг Баянхонгор сумын ЗДТГ-аас хийжээ. 
Ташрамд дуулгахад, Бургас нь чийг болон гэрэлд дуртай, хүйтэнд тэсвэртэй, нуур голын намгархаг чийглэг хөрсөнд сайн ургадаг бөгөөд хамгийн найдвартай байгаль хамгаалагч болдог онцлогтой. Хөрс голохгүй хаана ч ургадаг учраас цөлжилтийн аюул нүүрлэсэн Монгол оронд хамгийн хэрэгтэй модлог ургамал. Ширгэж буй гол мөрний сав газарт тариалахад усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Хурдан ургадаг учраас хот тосгон, цөлөрхөг газрыг ногооруулах, уул уурхайн нөхөн сэргээлтийг хийхэд ч тохиромжтой мод аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn