БАЯНХОНГОР: “Эко кэйш” машинаар нэг удаагийн дүүргэлтэд 12 кг хуванцар сав цуглуулж байна
"Хог биш ээ, мөнгө" хөдөлгөөний хүрээнд хог хаягдал төлбөртэй хүлээн авах “Эко кэйш” машиныг Баянхонгор сумын ЗДТГ-т байршуулсан. Тэгвэл суурилуулснаас хойших хугацаанд хуванцар сав болон цаас, лааз зэрэг хог хаягдлыг төлбөртэйгээр авч хоёр удаагийн дүүргэлт хийж, нэг удаагийн дүүргэлтэд 12 кг хуванцар савыг цуглуулж, “Хонгор дуулим” компанид нийлүүлэлт хийжээ.
Монгол инженерүүдийн бүтээсэн тус автомат машиныг “Эко кэйш” ХХК-аас сумын ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар 20 сая төгрөгийн санхүүжилтээр худалдан авсан байна. “Хог биш ээ, мөнгө” аяны хүрээнд хогийг хэрхэн мөнгө болгон эдийн засгийн эргэлтэд оруулж, бага гэлгүй мөнгөн хуримтлал бий болгож, байгаль орчноо хоггүй цэвэр байлгах шийдлүүдийн нэг бол эко кейш автомат машин юм.
Тус машин нь 4G сүлжээнд ажилладаг, үндэсний үйлдвэрлэгч болон импортлогч компаниудын 960 ширхэг бар кодыг урьдчилан сануулсан бөгөөд Hipay аппликейшныг гар утсандаа суулган, хуванцар сав, лааз, жижиг цаасан хайрцаг тус бүрийг 20 төгрөгөөр хүлээн авдаг аж.