Дулааны станц барих ажлыг 5 дугаар сард эхлүүлнэ

462


Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ-аас орон нутгаа хөгжүүлэх 2022 онд хэрэгжүүлэх төслийг боловсруулан танилцуулж, төр, хувийн хэвшил, иргэдийн санал зөвлөмжийг ажил хэрэгтээ тусгах зорилгоор аймгийн "Хөгжлийн зөвлөгөөн"-ийг  энэ сарын 27-нд зохион байгууллаа.
Хөгжлийн зөвлөгөөнд Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан болон газар, хэлтсийн дарга нар, 20 сумын иргэдийн төлөөлөл, удирдлага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл  оролцов.
Баянхонгор аймаг Авлигагүй шударга төр, Архигүй өрх, Ажил орлоготой иргэн  зорилтын хүрээнд өнгөрсөн онд тодорхой үр дүнд хүрч ажиллажээ. Авлигагүй шударга төр зорилтын хүрээнд уул уурхайн орлогыг 7.7 тэрбумд хүргэн нэмэгдүүлж, эрүүл мэнд, боловсролын салбартаа ахисан түвшинд хөрөнгө оруулалт хийж, Архигүй өрх зорилтын хүрээнд 250 гаруй хүнийг "Жаргалтай амьдрал" төвийн үйлчилгээнд хамруулан 187 иргэнийг эхний ээлжинд архины хамаарлаас салгасан байна.
250 гэр бүлийн ард хань, үр хүүхэд, ах дүү, төрөл садан зэрэг 1000 гаруй хүн сэтгэл амар, тайван амьдарч байгаа дүн өнөөдрийн байдлаар гараад байгаа бөгөөд энэ тоог илүү ахиулах ажил үргэлжилж байна.
Мөн Ажилтай орлоготой иргэн зорилтын хүрээнд аймгийн төвийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, шинэ суурьшлын бүс байгуулах болон бусад хэрэгжүүлсэн ажил, хөтөлбөр, төслүүдээ уялдуулан тодорхой ажлын байруудыг бий болгожээ. Эдгээр зорилтоо цаашид ч үргэлжлүүлэн илүү далайцтай,  үр дүнд хүргэж ажиллах төлөвлөгөөг боловсруулснаа холбогдох албад мөн үеэр танилцуулсан юм.

Хоёр дахь жилдээ болж буй "Хөгжлийн зөвлөгөөн"-ийг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нээж үг хэлэхдээ, "300 гаруй хүнийг ажлын байраар хангах, орон нутгийн эдийн засгаа тэлэх бодлогын хүрээнд Ингэний сүүний үйлдвэр байгуулах төсөл, Малчид, газар тариалан эрхлэгчдийн үйлдвэрлэл, орлогыг шинэ технологи нэвтрүүлэн хөгжүүлэх Хөдөө аж ахуйн кластер төсөл, Шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтыг өргөжүүлэх төсөл, Агаар хөрсний бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд дулааны станц, гэр хорооллыг орон сууцжуулах, түмэн мод ургуулах төсөл хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлэх болно” гэдгээ онцлон тэмдэглэсэн.
УИХ-ын дарга Г.Занданшатар, “Монгол Улсын Засгийн газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлогыг хөрсөнд буулгахаар орон нутгийн залуу удирдлагууд санаачилгатай ажиллаж, ард нийтийнхээ дунд хөгжлийн зөвлөгөөнөө  нээлттэйгээр зохион байгуулж буй нь сайшаалтай. Цаг хугацаа алдалгүй, төлөвлөсөн ажлаа шуурхай зохион байгуулж, бодит үр дүнд хүргэж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.
Мөн Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, “Дулааны станц барих ажлыг 5 дугаар сард аймагт эхлүүлэхээр болсон, Байдрагийн голын усан цахилгааны станцыг байгуулахаар ТЭЗҮ-г боловсруулж дууссан, 14 орчим тэрбум төгрөгийн төсвөөр Баянхонгор аймгийн эрчим хүчний чадлыг өргөтгөн нэмэгдүүлэхээр болсон” тухай мэдээллийг өгсөн юм. Ийнхүү Баянхонгор аймгийн эрчим хүчний чадлыг өргөтгөн нэмэгдүүлснээр аймгийн төв, шинэ суурьшлын бүс болон бусад сум аливаа  үйлдвэрлэл, үйлчилгээг  эрчим хүчний гачигдалд оролгүйгээр хэвийн түвшинд явуулах нөхцөл бүрдэх аж.  

Аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат Баянхонгор аймгийн дагуул хот болох "Шинэ суурьшлын бүс"-ийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулан, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухайд илтгэсэн. Тус бүсэд 14 ортой эмнэлэг, 640 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 100 айлын 2 блок орон сууц, Төвийн системээс тухайн бүс рүү 4.5 км цэвэр усны шугам тавьсан, Бохирын усны 2 км шугам тавьж холбосон, хоногт 128м3 бохир ус цэвэрлэх байгальд ээлтэй цогц байгууламжийг  суурилуулсан, эрчим хүчний системд холбосон, дулааны эх үүсвэрийг байгуулж сургууль, орон сууц, эмнэлгийн барилгуудыг холбосны зэрэгцээ Ингэний сүүний үйлдвэрийн барилга, 1000 тн-ын мах ногооны зоорийн ажлыг тус тус эхлүүлээд байгаа юм.
Тэгвэл энэ онд нийтийн орон сууцны барилга, хаус хороолол, хороолол дундах инженерийн шугам сүлжээ, гадна холбооны шугамын ажил, гадна цахилгааны ажил, 10 км авто зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах байгууламж, ногоон байгууламж, явган зам, дугуйн замын ажлуудыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөжээ.

Аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Т.Хишигбаатар Баянхонгор сумын гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулах  төслийг танилцуулав. Төслийн хүрээнд, Баянхонгор сумын гэр хорооллын 134 айл өрхийг дахин төлөвлөлтөд хамруулж 19.2 га талбайд 1900 айлын 41 орон сууцны барилга, 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон байна.
Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 4.1 га талбайд 430 айлын 10 орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Ашиглалтын шаардлага хангахгүй болсон гурван орон сууцны барилгыг дахин төлөвлөлтөд оруулж шинээр 160 айлын орон сууцны хорооллыг барьж ашиглалтад оруулахаар тус тус төлөвлөжээ.
БОАЖГ-ын дарга Э.Ганзориг Баянхонгор аймагт 2030 он гэхэд 20 сая мод тарих зорилго тавьсан талаарх  “Тэрбум” мод төсөл, ХХААГ-ын ерөнхий агрономич Б.Мөнхтогтох хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, газар тариалангийн бүсээ өргөтгөх “Хөдөө аж ахуйн кластер” төслийг  тус тус танилцуулав.
Зөвлөгөөнд оролцогчид тухайн төслүүдийг цаг үеэ олсон зөв үйл ажиллагаа гэж дүгнээд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдийг дэмжсэн юм.



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn