Нийт иргэнээ эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулна
Ковидын дараах эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэлтийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ. "Ковид -19" цар тахалтай холбоотойгоор эмнэлгийн урьдчилан сэргийлэх бүрэн үзлэг шинжилгээнд иргэд сүүлийн хоёр жилийн хугацаанд хамрагдаж чадаагүй. Тэгвэл Баянхонгор аймаг нийт иргэдээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх бүрэн үзлэгт хамруулахаар болж ЭМГ, Нэгдсэн эмнэлэг төлөвлөгөөг боловсруулан, аймгийн ИТХ-аар батлуулжээ.
Төлөвлөгөөний хүрээнд 2022 онд Баянхонгор аймгийн 15-64 насны нийт иргэдээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх бүрэн үзлэгт хамруулна. Тус үйл ажиллагааг аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар, улсын “Мэлтэс мед” эмнэлэгтэй хамтран зохион байгуулах аж. Энэ хүрээнд тус эмнэлэгтэй аймгийн ЭМГ-аас үзлэг зохион байгуулахад хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулаад байгаа аж.
Тус урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулснаар нийт иргэдийн өвчлөлийн түвшинг тодорхойлохын зэрэгцээ манай иргэд ямар нэг өвчин эмгэг туссан байвал эрт илрүүлж, цаг алдалгүй эмчлүүлэх боломжтой болох юм.