Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдлаа

0

Улсын Их Хурал Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, холбогдох хуулийг баталлаа. Ийнхүү Монгол Улс виртуал хөрөнгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч буй юм.
Уг хууль батлагдсанаар Монгол Улсад гаднын хөрөнгө оруулалт татах, эдийн засгийг солонгоруулах чухал алхмын үүд хаалга нээгдэж, технологийн шинэ эрин үеийг авчран, бусад салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах суурь тавигдаж байна.
Монголын Финтек, Блокчэйний зөвлөлийг, мөн Fidelitas Partners багаа төлөөлж ажлын дэд хэсэгт орж ажилласан ба хуулийн төслийн 36 зүйл, хэсэг, хамт өргөн мэдүүлжээ. Хуулиар виртуал хөрөнгийн зах зээлийн харилцааг бүхэлд нь зохицуулахгүй. Зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч биржийг бүртгэх, үйл ажиллагаанд хяналт тавих харилцааг зохицуулж байгаа аж.
Монгол Улсад бүртгэлтэй компанийн гадаад улс руу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх харилцаа мөн хуулийн үйлчлэлд орох гэнэ. Хууль батлагдсанаар ердийн журмаар буюу Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болох юм байна. Хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш дөрвөн сарын дараа Хороо бүртгэлийн материал хүлээж авах аж. Ингэхдээ эхний гурван сар одоо байгаа биржүүдийн материалыг хянах гэнэ.
Хуулийг ерөнхий зохицуулалттай баталж, Хороонд биржийг бүртгэх, үйл ажиллагаанд тавих шаардлага тодорхойлох, тохиромжтой этгээдийг тодорхойлох, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, тавигдах шаардлага тодорхойлох, зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх, үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох, үйл ажиллагаанд аудит хийх этгээдийг бүртгэх, биржүүдийн холбоонд тавигдах шаардлагыг тодорхойлох зэрэг найман журам батлах эрх олгожээ. Баттөмөрийн Энхбаяр гишүүний саналаар журмаар өөртөө хуульд зааснаас бусад бүрэн эрх олгохыг Хороонд хориглох зохицуулалт орсон байна.
Виртуал хөрөнгийн үйлчилгээг виртуал хөрөнгийг албан ёсны мөнгөн тэмдэгтээр, виртуал хөрөнгийг хооронд нь арилжих, виртуал хөрөнгийг шилжүүлэх, виртуал хөрөнгөд хамаарах хэрэгслийг хадгалах, удирдах, виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах санхүүгийн үйл ажиллагаанд оролцох болон үйлчилгээ үзүүлэх хүрээнд тодорхойлсон байна.
Тус үйлчилгээг Хороонд бүртгүүлснээр эрхлэх ба ийнхүү бүртгүүлснээр өөр үйл ажиллагаа эрхлэхийг биржид хориглож байгаа аж. Бүртгүүлэхгүй үйл ажиллагаа эрхлэхийг зөрчилд тооцож, 200 сая төгрөгөөр торгох юм байна. Хороо хуульд заасан шаардлага хангаагүй биржийг бүртгэхгүй гэж бас хуульчилжээ.
Мөн ICO буюу биржээр дамжуулахгүйгээр виртуал хөрөнгийг нийтэд санал болгож худалдахыг, ийнхүү худалдахаар сурталчлахыг хориглосон байна. Зөрчсөн хүнийг 20 сая, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгох юм байна.
Хуулиар виртуал хөрөнгийг эдийн бус хөрөнгө болохыг тодорхойлжээ. Монголбанк төлбөрийн хэрэгсэл болохгүй гэж удаа дараа мэдэгдэж байгаа ч төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэнтэй хөрөнгө юм гээд энэ хууль дээрээ тодорхойлсон байгаа гэнэ.
Бирж нягтлан бодох бүртгэл хөтлөхдөө СТОУС мөрдөж, жил бүр Хороонд бүртгүүлсэн аудитын компаниар аудит хийлгэнэ. Виртуал хөрөнгийн үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлнө. Санхүү мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй этгээд болох аж.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэх хүсэлт гаргагч 16, гүйцэтгэх удирдлагад дөрвөн төрлийн шаардлага тавьж байгаа юм байна. Мөн биржийн харилцагчтай байгуулах гэрээнд заавал тусгах 13 агуулгыг хуульчилсан. Товчдоо, мэдээлэл, технологийн дэд бүтцийн тасралтгүй, найдвартай ажиллагаа, нууцлал, аюулгүй байдлыг хангасан байх, ингэж ажиллаж чадах хүний нөөцтэй байхыг шаардаж байгаа хэрэг. Хороо эдгээр шаардлагыг хангасан эсэх асуудлаар биржүүдийн холбоогоор дүгнэлт гаргуулж болохоор заасан байна.
Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглавал зургаан сараас хоёр жил хүртэл, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг урвуулан ашиглах хоёр жилээс найман жил хүртэл хорих ялтай хоёр гэмт хэрэг нэмэгдсэн байна. Эдгээр гэмт хэргийг Эрүүгийн цагдаа, Тагнуул харьяалан шалгах аж.
Биржийн үйл ажиллагаа болон виртуал хөрөнгөтэй холбоотой зар сурталчилгаанд сурталчилж буй виртуал хөрөнгөд шууд хамаарахгүй тоон мэдээ, үзүүлэлтийг ашиглах, арилжаанд оролцсоноор олох ашиг, өгөөжийн талаар таамаглал дэвшүүлэх, амлалт өгөх, нийтэд санал болгох, худалдах виртуал хөрөнгийн талаарх танилцуулга, мэдээлэлд дутуу, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тусгаж, нийтэд танилцуулах, эсхүл хязгаарлалт тогтоосон виртуал хөрөнгийг сурталчлахыг бүрэн хориглосон байна. Мөн виртуал хөрөнгийг хувьцаанд хөрвүүлэхийг хориглох заалт хасагджээ. Гэхдээ үнэт цаас, компанийн хувьцаа болон бусад санхүүгийн хэрэгсэл, үйлчилгээтэй адилтган сурталчлахыг хориглосон байна.
С.ӨЛЗИЙ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn