УИХ-ын дарга "Шинэ суурьшлын бүс"-ийн ажлын явцтай танилцав

430

Баянхонгор хотыг тэлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор эхлүүлсэн "Шинэ суурьшлын бүс"-ийн ажлын явцтай УИХ-ын дарга Г.Занданшатар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр нар танилцлаа.   

Өнөөдрийн байдлаар "Шинэ суурьшлын бүс"-ийг Эрчим хүчний системд холбоод байгаа бөгөөд 14 ортой эмнэлгийн барилга, 640 хүүхдийн сургууль цэцэрлэгийн цогцолборын барилга барьсан, удахгүй улсын комисс ажиллах юм байна. Мөн 1700 айлын 32 орон сууцны барилгын ажлыг энэ онд 100 айлын 2 блок орон сууцаар эхлүүлсэн, ингэний сүүний үйлдвэрийн барилга, 1000 тн-ын мах ногооны зоорийн ажлыг эхлүүлсэн бол төвийн системээс тухайн бүс рүү  цэвэр усны шугам тавьж холбон, Монгол-Оросын хамтарсан “Эколос Монголия” ХХК-иар хоногт 128м3 бохир ус цэвэрлэх байгальд ээлтэй цогц байгууламж суурилуулаад байгаа юм.

Айл  өрхийн газрыг нэг загварын стандартаар хашаажуулан олгож эхэлсэн, Дулааны эх үүсвэр барьж одоо ашиглалтад орох барилгууд холбогдсон  зэрэг хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа аймгийн удирдлагууд мөн үеэр танилцуулав.   
Шинэ суурьшлын бүсийн ажлын явцтай танилцах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, "Аливаа хэрэгжүүлж буй ажил арга хэмжээндээ чанар стандартыг ягштал баримталж, иргэдийн нийтлэг эрх ашгийг хангасан, аюулгүй, зөв зохион байгуулалт төлөвлөлттэйгөөр ажил явах нь хамгийн чухал. Шийдэлтэй, хурдтай ажиллаж байгаад олзуурхаж байгаа хэдий ч зарим анхаармаар асуудлууд байна" гэснээр үр дүнг эргэн шаардах зарим хугацаат үүргийг аймгийн удирдлагуудад өгөв.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, “Цаашдаа хотоо орчин үеийн төлөвлөлт, амьдран суугаа, зорчин яваа хэн бүхний анхаарал сонирхлыг татсан хэлбэрээр төлөвлөн  хөгжүүлэх нь зүйтэй. Шаардлагатай асуудлуудад дэмжиж хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийлж байсан бол Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, “Зарим их дээд сургуулиудыг орон нутагт шилжүүлэхээр болсон. Энэ хүрээнд орон нутагт суралцах оюутнуудын сургалтын төлбөрийг  хөнгөлөх бодлого баримталж байна. Аймгаас оюутны хотхон барих газрыг энэ бүсдээ шийдээд өгвөл  танай аймагт  аль нэг сургуулийн салбарыг шилжүүлж, байгуулж болно. Иймээс оюутан залуусын дуртай, үзэмжтэй, үйлчилгээ сайтай бүс болгох шаардлагатай ” гэж байлаа.



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn