Сурагчид байгаль орчноо хайрлаж, цэвэр байлгахыг уриаллаа
Баянхонгор аймгийн Эрдэм сургуулийн 12А ангийн сурагч Г.Түмэн-Уянга, Б.Оюунцэцэг нар өөрсдийн санаачилгаар Баганат талбайн урд талын төв саад буюу Ахмадын цэцэрлэгт хүрээлэнгийн тамхины ишийг түүж цэвэрлэжээ.
Сурагч Г.Түмэн-Уянга, "Коронавирусний халдвараас болоод олон найзтайгаа уулзаж чадахгүй, бас битүү газарт орж болохгүй болохоор ихэвчлэн гаднах цэцэрлэгт хүрээлэн, саад, саравч гэх мэт задгай газар өдрийн чөлөөт цагаа өнгөрөөж байна. Бас тэр сааданд олон өвөө эмээ нар салхилж эрүүл агаараар амьсгалж суудаг. Гэтэл сууж, салхилж байгаа орчинд нь бөөн хог, тамхины иш байгааг харахаар тухгүй санагддаг байлаа. Тиймээс найзтайгаа ярилцаад тамхины ишийг түүж, агаарлаж буй орчноо цэвэр цэмцгэр тухтай байлгая гэж шийдсэн" гэлээ.
Сурагч охид тус сааднаас сав дүүрэн тамхины ишийг түүж цэвэрлэсэн бөгөөд байгаа орчиндоо ээлтэй байж, хайрлаж хамгаалахыг уриалав.