100 сая төгрөг хахуульд авсан Баянхонгор аймгийн удирдлага асныг шүүж чадсангүй

307
Баянхонгор аймгийг 2016-2020 онд удирдсан ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй зургаан хүнд холбогдох албан тушаалаа урвуулсан гэх хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр 09.00 цагт хэлэлцэхээр товлосон юм. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш удаа дараа товлож буй ч тэдний гэм буруутай, эсэхийг шүүх хэлэлцэж чадахгүй, дийлэнхдээ өмгөөлөгч нар элдэв арга хэрэглэн хойшлуулсаар байна.
Баянхонгорын ИТХ-ын даргаар ажиллаж байгаад өдгөө төлөөлөгч болсон Ц.Отгонбаяр, Засаг дарга байсан Г.Батжаргал нартай холбоотой 4-5 гомдлыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаад “Эко грийн ланд” ХХК-ийн захирал З.Эвлэгсайханаас 2017 оны зургадугаар сарын 21-нд 100 сая төгрөгийн хахууль авсныг нь хангалттай тогтоогдсон гэж үзсэн аж. Тиймээс дээрх хоёр хүн болон ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Ихбаяр, алтны уурхайн эзэн С.Мөнхболд, Д.Сайнбилэг, З.Эвлэгсайхан нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан”, 22.4-6 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий албан тушаалтан хахууль авсан”, 22.5-1-ийн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.
Уг хэргийг өчигдөр хэлэлцэхээр болсон ч шүүгдэгч Д.Сайнбилэг ирээгүй, нэг өмгөөлөгч нь шүүх хурал давхацсан гэх зэрэг шалтгаан хэлж хойшлуулах хүсэлт өгсөн байв. Д.Сайнбилэгийн хувьд Төв аймгийн Лүн сумд явж байна, хуралд цагтаа очиж амжихгүй нь гэж утсаар бусад шүүгдэгчдээ мэдэгдсэнийг шүүх бүрэлдэхүүнд танилцуулж байлаа. Харин НПГ-ын хяналтын прокурор “Бусад шүүгдэгч нь Баянхонгор аймгаас ирчихээд байхад Д.Сайнбилэг шүүн таслах ажиллагаанд санаатай саад учруулж байгаа юм биш үү. Тиймээс шүүх таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилбөл яасан юм бэ” хэмээн саналаа илэрхийлсэн. Харин өмгөөлөгч нар “Лүнгийн зам эвдэрснээс болж цагтаа ирж амжаагүй гэдгийг харж үзэх ёстой” гэж байлаа. Ингээд тэдний гэм буруутай, эсэхийг дэнслэх хурлыг 2021 оны есдүгээр сарын 20-ны 09.00 цагт хийхээр товлов. Харин Д.Сайнбилэгийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор болжээ.
Ц.Отгонбаяр, Г.Батжаргал нарыг АТГ-т шалгасан үйлдэл ганц энэ биш. Тэднийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга С.Үнэнбуян нартай хамтран 2018 онд газар зохион байгуулалтын нэмэлт төлөвлөгөөнд тусгаагүй газрыг таксины болон худалдаа үйлчилгээний зориулалтаар “Түйн гол” ХХК-д олгосон, 20 га газрыг “Хаш гоёо” компанид хууль зөрчин найман сая төгрөгөөр өгсөн, Говь-Алтай, Баянхонгор аймгийн заагт, Идрэнгийн нуруунд эрх мэдлээ урвуулж ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгосон хэмээн буруутган шалгасан байдаг.
https://tac.mn/post/82046
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn