Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгалаа
Аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдааныг 2021.07.04-ний өдрийн 22:00 цагт цахим хэлбэрээр зохион байгууллаа. Хуралдаанаар, Аймгийн хэмжээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг 2021.07.05 - 2021.07.15-ны өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Мөн хугацаанд “Нэг өрх - Нэг шинжилгээ”-г үргэлжлүүлэн дуусгах, нэгдсэн ариутгал халдваргүйжүүлэлт хийх, вакцинд хамрагдаж байгаа жирэмсэн эхчүүд болон хүүхдүүдийн дархлаажуулалтын явцыг сайжруулах, эм эмнэлгийн хэрэгслийн шаардлагатай нөөцийг бүрдүүлэн ажиллах аж.
Аймгийн төвд хүргэлтээр бараа материал, хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа иргэдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор төв замын хөдөлгөөнийг өнөөдрөөс нээхээр шийджээ.
Улаанбаатар хот болон бусад аймгаас ирж буй иргэдийн хөдөлгөөнд аймгийн Онцгой комисс зөвшөөрөл олгох бөгөөд ирсэн иргэдээс Өлзийтийн пост дээр 25 мянган төгрөгөөр түргэвчилсэн сорил/ авна. Харин сум хооронд зорчих иргэд тухайн очих сумаасаа зөвшөөрлийн бичиг авч шинжилгээ өгч явах юм байна.
“Нэг өрх – Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээний явц 75 хувьтай, нийт шинжилгээ өгч байгаа иргэдийн 10 хувьд нь халдвар илэрч байгаа нөхцөл байдал, улсын хэмжээнд баяр наадмын өдрүүдээр орон нутаг руу чиглэсэн иргэдийн хөл хөдөлгөөн ихсэх төлөв байдал, эмнэлгийн эмч ажилчдын ажлын ачаалал өдрөөс өдөрт нэмэгдэж, хүн хүчний хомсдолд орсонтой холбогдуулан дээрх шийдвэрийг гаргажээ.