Тилзит, чеддар, гриуере, мозарелла зэрэг Европын алдартай бяслагийг үйлдвэрлэх технологийг Монголд нутагшуулан, сарлагийн сүүгээр боловсруулж турших ажлыг гүйцэтгэсэнХүнс үйлдвэрлэлийн салбарын Зөвлөх инженер, Баялаг бүтээгч С.Цэцгээтэй ярилцлаа. Тэрээр2014 онд сарлагийн сүүгээр бяслаг боловсруулах үйлдвэрийг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд ашиглалтад оруулж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн, зах зээлд амжилттай борлуулж байгаа юм.
-Үйлдвэрлэлийн тань талаар яриагаа эхэлье.
-Хөдөө орон нутагт сүү үйлдвэрлэлийн, ялангуяа сарлагийн сүү боловсруулах оновчтой загвар гаргах тал дээр “Сүүн билэгдэл” ХХК санаачлан ажиллаж байна. Засгийн газрын Чингис бондын хүрээнд зээл авч, аав Д.Сэр-Одынхоо гэгээн дурсгалд зориулж төрсөн нутаг буюу Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд 2014 онд“Бяслаг, цагаан идээний үйлдвэрлэл-Сургалтын төв”-ийг ашиглалтад оруулсан юм. Эрдэнэцогт сум нь нийслэл Улаанбаатараас 660 км, аймгийн төвөөс 30 км, хангайн уулархаг бүс нутагт байрладаг, улсдаа сарлагийн тоогоор тэргүүлдэг сумдын нэг.
-Өөрийгөө танилцуулаач?
-Миний хувьд 1982 онд Москва хотын Мах, сүүний технологийн дээд сургуулийг төгсөж сүү, сүүн бүтээгдэхүүний инженер-технологич, 1993 онд МУИС-ийн Гадаад хэлний сургуулийг төгсөж англи хэлний орчуулагч мэргэжлийг тус тус эзэмшсэн, одоо “Сүүн билэгдэл” ХХК-ийн захирлаар ажиллаж байна. Техникийн ухааны магистр, Монгол Улсын Зөвлөх инженер.
1996 онд Дани улсын Христиан Хансен компанид дадлага хийж, исэг сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашигладаг, шууд хэрэглэх нэг удаагийн хөрөнгийг Монголд анх удаа оруулж ирж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. “Цагаан хувьсгал”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл” зэрэг Засгийн газрын Үндэсний хөтөлбөрүүдийг боловсруулах, эхлүүлэх, хэрэгжүүлэхэд ажиллалаа. Мөн Сүүний төслийн хүрээнд Сүүний сургалтын үндэсний төв, сүүний хөргөлтийн төв, сүү боловсруулах бага оврын цех байгуулах, өндөр үр шимтэй саалийн үхэр, үр импортоор оруулж ирэх, саалийн үхрийн ашиг шимийн бүртгэлийг нэвтрүүлэх зэрэг загварууд дээр төр, хувийн хэвшил, сургалт эрдэм шинжилгээний байгууллагууд, фермер, үйлдвэрлэгч, цагаан идээ борлуулагч зэрэг сүүний нэмүү өртгийн сүлжээнд оролцогч бүх талуудтай хамтран ажилласан. Уурагт цагаан идээний бүлэг стандарт, Кодексын сүү, сүүн бүтээгдэхүүний стандартыг орчуулж баталгаажуулсан зэрэг маань миний ажил мэргэжлийн бахархлууд.
-Нэн шинэ үйлдвэрлэл эрхэлж байсан нөхцөл байдлыг дурсвал?
-Сумын захиргаа болон Сум хөгжүүлэх сангийн зээл шийдэх зөвлөлд Сарлагийн сүүгээр бяслаг хийх төслөө танилцуулж хэлэлцүүлээд “Сүүн билэгдэл” ХХК-ийн нэр дээр газар эзэмших захирамж гарч, хуучин хаягдсан агуулахын байрыг сэргээн засварлаж үйлдвэр барьсан түүхтэй. Гэтэл балгас байсан байрны эзэн гэгч гарч ирж, 2014-2017 он хүртэл анхан шатны 2 удаа, сум дундын шүүх хурал 2 удаа болж сунжирсан маргааны ард гарсан. Социализмын бүтээн байгуулалтын үр дүнд бий болсон обьектуудыг хувьчлал нэрээр нэгдэлд ажиллаж байсан дарга, нягтлан, малын эмч зэрэг хүмүүс завшиж зах зээлд шилжих үед ажиллуулж чадаагүй, дээвэр, цонх, хаалга ашиглаж болох бүх зүйлийг тонож авсан, дотор нь байсан тоног төхөөрөмж, машиныг төмөрт тушаасан, хаясан “гээгдмэл, хаягдсан балгас” дүр төрхтэй газар байсан. Сумын 90 жилийн ой болох гээд, тэтгэвэрт гарсан, чөлөөтэй, дэврүүн өөдрөг сэтгэлээр аавынхаа нутагт үйлдвэр барина гэж анх ирж билээ. Үйлдвэр боссон, гурван бяслагийн технологи нутагшуулж зах зээлд "Хонгор" брэндээр таниулсан шүү.
-Амаргүй зүйлийн ард гарч.
-Тийм ээ. Хотод орос цэцэрлэг, орос сургууль, дээд сургууль төгсөөд Орост амьдарч байсан хүн зориглоод л орон нутагт мэргэжлийнхээ дагуу үйлдвэр барьсан. Ийм хэмжээний тоног төхөөрөмж хэрэгсэлтэй үйлдвэр үнэндээ орон нутагт хуруу дарам байна. Ийм үйлдвэрийг орон нутагт ажиллуулахад зайлшгүй мэргэжил, ур ухаан шаардахаас гадна техник төхөөрөмжийг ажиллуулах чадвартай техникч инженерүүд хэрэгтэй. Зөв зохион байгуулсан сүү бэлтгэл, харилцан үр ашигтай "Малчид-Үйлдвэрлэгч-Орон нутгийн захиргааны түншлэл" чухал. Нэг суурин-нэг бүтээгдэхүүний тод загвар л даа.
-Хоббигоо ажил хэрэг болгожээ дээ?
-Тийм шүү. Гадны соёлыг Монголдоо нэвтрүүлэх, тэр тусмаа хөдөөд үйлдвэрлэж түгээнэ гэдэг бол миний л "дураараагийнх". Ашгийг чухалчлах хүний хувьд бол миний үйлдвэрлэл мөнгө түгжсэн ажил юм л даа. Үйлдвэрлэл үргэлжлүүлэх хугацаа богино, тийм ч нийтийн хэрэглээ биш, бяслаг өөрөө борлуулахад жингийн алдагдалтай байдаг зэрэг асуудал бол бий.
-Зоримог шийдвэрийг тань гэр бүлийн хүн тань хэрхэн хүлээн авч байсан бэ?
-Нөхрийг маань Д.Энхсайхан гэдэг, Автомеханик инженер хүн. Жил бүр тоног төхөөрөмжийг бэлэн болгож арчилж хамгаалдаг, үйлдвэрлэлийн маань гол хүн. Бүхий л үед миний талд, ажлын сайн зөвлөгч, хамтрагч байж чаддаг ханиараа бахархдаг.
-Төслийнхөө талаар дэлгэрүүлбэл?
“Сүүн билэгдэл” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа төсөл нь манай орны бэлчээрийн мал аж ахуйд суурилсан, орон нутагт тохирсон сүү боловсруулах загварыг гаргаж удаан хугацаанд хадгалагдах боломжтой Европ маягийн бяслаг, үүнээс хатуу, хагас хатуу төрлийн бяслагийг “Хонгор” брэнд нэрийн дор зах зээлд борлуулдаг. Манайх Европийн улс орноос гарал үүсэлтэй гриере, тилзит, чеддар, моззарелла зэрэг алдартай бяслаг хийх технологийг улирлын чанартай сүү үйлдвэрлэлд тохируулан нутагшуулж, сарлагийн сүүг голлох түүхий эд болгон ашиглаж байна.
-Европ гаралтай бүтээгдэхүүнийг орон нутагт үйлдвэрлээд хэрэглэгчдэд хэрхэн таниулж байв?
-2014 онд “Сүүн билэгдэл” ХХК нь Эрдэнэцогт сумын найман өрхөөс сүү худалдан авч 500 кг бяслаг, 100 кг цөцгийн тс, 400 кг аарц тус ус үйлдвэрлэж үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Малчдаас нийлүүлж байгаа сарлагийн сүүний чанар үйлдвэрийн шаардлагыг бүрэн хангасан бөгөөд үйлдвэрийн анхны бүтээгдэхүүн болох Эрдэнэцогт Тилзит бяслаг /2 сарын бойжилттой/, цөцгийн тос, тосгүй сүүний аарц сайн чанартай болж хэрэглэгчдэд танигдсан юм. Компанийн гол бүтээгдэхүүн Эрдэнэцогт-Тилзит бяслаг нь Баянхонгор аймгийн “Намрын ногоон өдрүүд”, “Хангайн бүсийн түншлэл Орхон” үзэсгэлэн худалдаанаас дээд шагнал Гран При-г тус тус авч байсан.
2016 онд үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэгдүүлж, нийт 2 тонн гаруй бяслаг үйлдвэрлэсэн. Улаанбаатар хотод мөн онд үйл ажиллагаа нь эхэлсэн Шангри-Ла зочид буудлын ресторан Эрдэнэцогт суманд үйлдвэрлэсэн сарлагийн бяслагийг худалдан авч тусгай зочдодоо зоог барьж эхэлсэн. Энэ бидний том амжилт байв.
Мөн томоохон супермаркетуудын лангуу дээр ч импортын бяслагийн хажуугаар зэрэгцэн өрсөлдсөн бөгөөд үйлдвэрийн анхны хөрөнгө оруулалт 260 сая төгрөг байлаа.
-Борлуулалтыг хэрхэн хийдэг вэ?
-Бид бол шууд л бяслагаа хийж аваад том зах зээлд борлуулж ирсэн, энэ аргаараа л явж байна. Миний дэлгүүр, Ханбүргэдэй, Сансар, Их дэлгүүрийн Номин, өөрийн жижиг дэлгүүртээ борлуулдаг. "Ковид-19" халдвар Монголд орж ирээгүй байхад Их дэлгүүрийн Номин, өөрийн жижиг дэлгүүрт борлуулалт хамгийн сайн байсан. Харин “ковидын ачаар” импорт хязгаарлагдаад ирсэн чинь манай Хонгор чеддар бяслаг эрэлттэй болсон. Хайлдаг, зөөлөн амттай. Аймгуудаас Дорноговь, Эрдэнэтийн Номин худалдааны төвийн салбарууд авч борлуулж байгаа.
Харин аймагтаа борлуулалт хийе гэхээр агуулах, дэлгүүр ажиллуулах, түгээлт зохион байгуулах хэрэгтэй болж байна. Цаашид "Хонгор" брэнд нэрийг гаргахад аймагт бяслагийн борлуулалт зайлшгүй хийнэ, эсвэл аймгийн хүнсний худалдаа эрхэлдэг, зөв байрлалтай, хөргөгчин лангуутай хамтрагчтай болох боломж байна.
-Ерөнхий сайдын бэлгийн багцад танай бүтээгдэхүүн багтдаг гэж сонссон.
Тийм ээ. Сүүлийн жилүүдэд "Хонгор" брэндийн бяслаг Цагаан сараар Монгол Улсын Ерөнхий сайдын бэлгийн багцад орж байгаа.
-Ингэхэд бүтээгдэхүүндээ гадаад зах зээлийг судалж үзсэн болов уу?
-Бяслаг хийж байгаа юм чинь яагаад экспорт хийдэггүй юм гэдэг. Ойрын гурван жилдээ боломж харагдахгүй байгаа. Манайхыг хүрээлж байгаа орнууд импортын өндөр татвартай, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, шүлхий гээд тусдаа улс хоорондын мал эмнэлэг хорио цээрийн хэлэлцээр нэхдэг. Зөвхөн Япон руу гэрийн тэжээвэр амьтны хоол гэж хатаасан бяслаг гаргадаг гэж сонссон юм байна.
-Энэ төрлийн үйлдвэрлэлийн өрсөлдөгчид хэр вэ?
-2018-2019 онд зуншлага тааруу, түүхий сүүний үнэ хоёр дахин нэмэгдэж, “Сүүн билэгдэл” ХХК-ийн бяслагийн үйлдвэрлэлд нөлөөлж үйлдвэрлэлийг 200-500 кг хүртэл бууруулсан. Энэ хугацаанд Сэлэнгэ, Төв аймгийн бяслаг урлаачид зах зээлд байр сууриа бэхжүүлж авсан байх жишээтэй. Харин "Ковид-19" цар тахлын үеэр бяслагийн импорт хязгарлагдмал байж, өрсөлдөгч бусад дотоодын үйлдвэрийн бяслаг эрт дууссанаар "Хонгор" брэндийн Чеддар бяслаг эрэлт хэрэгцээтэй байж, 2021 оны 5 дугаар сар гэхэд дууссан байна.
-Бяслаг урлаач гэдэг үг содон сонсогдлоо?
-1994 оноос өнөө хүртэл Бяслаг үйлдвэрлэлд тэсч үлдсэн 10-аад хувь хүн, компани байна. Уйгагүй байх, хөдөлмөр зүтгэл, сэтгэл шаарддаг нарийн ажил тул үйлдвэрүүд тэр бүр тэсч томроогүй, хагас автомат, голдуу гар ажиллагаатай, натурал бяслаг үйлдвэрлэж байгаа тул англиар artizan cheese maker, оросоор сыродел гэдэг, монголоор бид Бяслаг урлаач гэж орчуулсан юм. Нөгөө талаас бидний үйлдвэрлэл чинь бараг урлагийн бүтээл шүү дээ. Сэтгэл, зүтгэл бүгдийгээ нэгтгэн урлаад, гаргаж авсан бүтээгдэхүүнийг эхийн хайраар бойжуулна /инээв/. Нэгэнт зөв хийсэн бяслаг хоёр жил хадгалж болдог, удаан хугацаанд дарсан дарстай л адил. Европын алдартай тансаг бяслаг, дарсны соёл угтаа ижил юм.
-Бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэл тогтмол үргэлжилдэг үү?
-Манай орны хувьд энэ ажлыг зөвхөн 6-9 сард буюу сүү элбэг үед хийх боломжтой.
-Тогтмолжуулах боломж бий юу?
-Зах зээлийн үеийн сүү бэлтгэл сүүлийн 30 жилд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын бүс нутагт эрчимжсэн, хагас эрчимжсэн фермийн аж ахуй, сүү боловсруулах үйлдвэрүүд хөгжсөнөөр зөв голдиролдоо орж байна. Харин алслагдсан орон нутагт аймагтайгаа ойр сумдын малчид сүү, цагаан идээгээ борлуулах боломжтой. Хуучны нэгдэл, сангийн аж ахуйн үеийн тасаг ажиллуулах, цөцгийн тос цохих ажил бүрмөсөн зогссон ч сүүлийн үед ах дүү хамаатнаараа, хот айлаараа нэгдэж хоршоо байгуулж үйлдвэр, цех ажиллуулах, аарц ааруул хийх зэрэг ажлууд сэргэж байна.
Эрдэнэцогтынхны хувьд сарлагийн сүүний цагаан идээ эрэлт, хэрэгцээтэй байдаг, мөн аймгийн төвтэй ойрхон гээд аль болох өөрсдөө цагаан идээгээ борлууулж үнэд хүргэх сонирхолтой байдаг. Тиймээс зохион байгуулалттай үйлдвэрт сүү тушаах ажил хоцорч байна. Тиймээс юуны өмнө үйлдвэрт сүү тушаах ач холбогдлыг ойлгуулах, жишээ нь, эдийн засгийн тооцоо хийх, сүүний зориулалтын бидон, шүүлтүүр хөнгөлөлттэй үнээр сүү бэлтгэж байгаа өрхүүдэд өгөх, өдөр бүр өөрийн унаа явуулах, чанартай сүү бэлтгэхэд гоц анхаарах зэрэг асуудлууд байгаа юм. Сүүг саасны дараа 3 цагийн дотор боловсруулна эсвэл хөргөнө, эс бөгөөс сүү гашилдаг онцлогтой. Бяслагийн үйлдвэрт сайн чанарын сүү хэрэгтэй байдаг тул “Сүүн билэгдэл” ХХК-ийн бяслагийн үйлдвэрт зөвхөн өглөөний сүү хүлээн авдаг байх жишээтэй. Шат дараатай хэрэгжүүлэх ажлууд бий.
-Үйлдвэрлэлээ өргөжүүлэх тал дээр алсын харааг тань сонирхож болох уу?
-Үйлдвэрлэлээ өргөжүүлэх сонирхол бий. Ижил нөхцөлтэй гурван газар бяслагийн үйлдвэр нэгэн зэрэг ажиллуулж бяслаг, бусад бүтээгдэхүүнийг тодорсон "Хонгор" брэндийн дор гаргах, үүний тулд нэг загвар, нэг технологи, нэг тоног төхөөрөмж, нэг чанартай сүү ашиглана. Эрдэнэцогтоос бусад хоёр үйлдвэрийн эзэд тусдаа байж болно, хамгийн гол нь нэг брэнд малгайны дор, нэг маркетингаар хамтарч ажиллах юм. Үүний тулд дундын агуулахыг аймгийн төв, Улаанбаатарт байгуулах шаардлагатай байгаа.
Ярилцсанд баярлалаа.
Санал болгох