Баянхонгорын Музейн үнэт үзмэр - Улсын алдарт сайн малчны шагнал

341


Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүйн музейн алтан сан хөмрөгт "Улсын алдарт сайн малчин"-ы шагнал хадгалагдаж байна. Тус шагнал нь 1945 оны, 960 сорьцтой мөнгөн дүрс /таван хошуу малын/, мөнгөн самбар ба мөнгөн бүслүүртэй хувин юм. 
1943 онд хуралдсан Улсын сайн малчны хоёрдугаар зөвлөгөөн дээр Ерөнхий сайд Х.Чойбалсан малаа 1000, 5000 хүргэсэн малчдыг зориуд сайшаан тэмдэглэж, гэрт нь үүрд дурсгал болох зүйлээр шагнаж байх тухай санал гаргажээ. Ийнхүү монголчууд мал сүрэг нь өсч мянга хүрэхээр үр төлөөр баян байхыг бэлгэдэн эцэг малын дүрсийг модоор сийлбэрлүүлж, мөнгө, зэс зэрэг металл эдээр цутгуулан бурхан тахилынхаа өмнө тавьдаг байсныг уламжлан авсан байна.
МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1944.09.22-ны өдөр хувийн мал сүргээ 1000, 5000, 10000 хүртэл өсгөсөн малчдад  “Улсын алдарт сайн малчин" цол олгож, үнэт эд өлгийн гурван зэрэгтэй шагнал дурсгах тухай тогтоол гаргажээ. Тогтоол ёсоор “Улсын алдарт сайн малчин” цол, хүндэт үнэмлэх, сүргийн олонхыг эзэлж байсан хээлтүүлэгч малын мөнгөн бүтэн дүрс, мөнгөн бүслүүр “1000 мал” хэмээх мөнгөн үсэг бүхий хувин, төрийн сүлд таван хошуу мал сийлбэрлэсэн мөнгөн чимэглэл самбар, зургаан хасагтай таван тотго бүхий ган болд тулга,  эрээн майхан, өвсний морин машин, малын хашаа улсаас дурсгаж эхэлсэн байна.
Анх 1945 онд мал сүргээ 1000 хүргэсэн 97 малчинд “Улсын алдарт сайн малчин” цол олгожээ. Энэхүү эдлэл нь Өлзийт сумын харьяат Улсын сайн Малчин Дооломын эдлэл бөгөөд түүний хүү Д.Бүдшир аймгийн Музейд бэлэглэсэн байна.



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn