Хүмүүн бичигтэн хамт олон

600

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын сургууль 2020-2021 оны хичээлийн жилд "Хос бичигтэн" хамт олон болох зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд үндэсний бичгээ шамдан суралцаж, хамт олноороо МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг" сониныг захиалан уншиж байна.

Үндэсний бичгийн сургалтыг сургуульдаа анхан, дунд, ахисан түвшнээр зохион байгуулан явуулдаг бөгөөд АБТА багш Д.Буянаа хичээлийг зааж байна. Мөн үндэсний бичгийн кабинетийг байгуулан, монгол хэлний багш нар хариуцан ажиллуулдаг бөгөөд нэмэлт баяжилт хийх зэрэг ажлыг тогмолжуулжээ. 

Технологийн багш Ц.Гомбосүрэн, Биеийн тамирын багш Ш.Бямба-Өлзий нар бийрийн бичлэгийн сургалтад хамрагдан, уг сургалтыг багш нартаа явуулж, сум орон нутгийн үндэсний бичгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн дурсамж, хүндэтгэлийг уран бичлэгээр бичих зэргээр үндэснийхээ өв соёлд хувь нэмрээ оруулж байна. 

Үндэсний бичгийн чадвар, мэргэжлийн мэдлэг авьяастай багш, сурган хүмүүжүүлэгчид өвлөгдөн ирсэн сургууль хамт олон билээ. Тухайлбал, Ц.Рагчаа, Д.Нямсүрэн, Я.Цэрэндэжид, Д.Цэцэгээ, Д.Буянаа нарыг нэрлэж болно. 

Хөдөөд соёлын үрийг тарих их үйлсийг эхлүүлсэн тэртээ 1940 онд оюуны гэгээрлийн нэгэн өргөө үүдээ нээсэн нь Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын бага сургууль билээ. Тус сургууль 40 сурагч, 2 багш 4 гэртэйгээр ардын хүүхдийг сурган хүмүүжүүлэх үйлсийн анхны шанг татжээ. 

Ийнхүү сургуулийнхаа сургалтын орчныг сайжруулах, сургалтын чанар, сурагчдын авьяас билгийг хөгжүүлэх, матерриаллаг баазыг бэхжүүлэх, эцэг эх, багш сурагчдын бүтээлч сэтгэлгээ, харилцан ажиллах нөхцөл бололцоог хангаж ирсэн байна.

Сургуулийн анхны сурагчдаас Монгол Улсын Гавьяат багш Равсалын Даваа, Бямбын Даваасүрэн, Монгол Улсын прокурор, БХЯ-ны Улс төрийн газрын дарга, Монгол Улсын төрийн хууль цаазны жинхэнэ зөвлөх, дэслэгч генерал Жүгдэрнамжилын Балжинням, МИАТ-ийн анхны нисэгчийн нэг Нямжавын Баасан, химийн ухааны доктор Доржийн Бадарч зэрэг алдартнууд төрөн гарсан нь бахархууштай. 

2003 онд спорт, урлагийн заалтай сургуулийн шинэ байртай болсон бөгөөд одоо тус сургууль 14 анги кабинет, мэргэжлийн 26 багш, 400-гаад сурагч, 21 ажилтантай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн 10 жилд тус сургуулийн хамт олон аймагтаа сургалтын стандарт хангалтын түвшин, багш сурган хүмүүжүүлэгчдийн ажлын ур чадвар, мэдлэг чадвараараа дээгүүр байрт орж, төгсөгчдийн 90-95 хувь нь их, дээд сургуульд элсэн суралцаж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn