Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг шинээр олгохгүй
Баянхонгор аймгийн Засаг дарга 2021 онд аймгийн хэмжээнд “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг шинээр олгохыг хориглох” тухай захирамж гаргажээ.
Тиймээс иргэд 2021 онд “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл”-ийг эрх бүхий байгууллагаас авахаар баримт бичиг бүрдүүлэх шаардлагагүй болохыг холбогдох албанаас санууллаа.
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны а/272 дугаар тушаалаар “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэг"-ийн тоог аймаг, нийслэл, суманд 1000 хүн ам тутамд 4 хүртэл байхаар тогтоосон аж. Мөн цэгийн тоог одоогийн тоо хэмжээнээс нэмэгдүүлэлгүй бууруулах тухай чиглэлийн дагуу дээрх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм байна.
Баянхонгор аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдан борлуулдаг 352 цэг байдаг байна.