Балбад эсэргүүцлийн жагсаалаар 19 хүн амиа алдсаны дараа цахим сүлжээний хоригийг цуцаллаа

Өнгөрсөн долоо хоногт Балбын Засгийн газраас цахим сүлжээг хориглох шийдвэр гаргасан. Үүнийг эсэргүүцсэн Z үеийн төлөөллүүд эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн юм.
Энэ жагсаалын үеэр 19 хүн амь үрэгдэж, 400 гаруй иргэн бэртсэний дараа Засгийн газраас цахим сүлжээний хоригийг цуцалж буйгаа мэдэгдсэн байна.
Тодруулбал өнгөрсөн баасан гаргаас эхлэн иргэд Facebook, YouTube, X зэрэг цахим сүлжээ рүү нэвтрэх боломжгүй болсон.
Энэ шийдвэрт бухимдсан иргэд Засгийн газрын байр руу нэвтрэх гэж оролдсон бөгөөд цагдаа нар иргэдийг зогсоохын тулд резинэн сум, нулимс асгаруулагч хий, бороохой ашиглажээ.

Одоогоор ТикТок платформ ажиллаж байгаа бөгөөд хориглох шийдвэрийн дараа залуучууд жирийн иргэд болон улс төрчдийн хүүхдүүдийн тансаглалыг харьцуулсан бичлэгүүд цацаж эхэлсэн.
Эх сурвалж: France24