Баянхонгор аймгийн малчид заган ойн нөхөн сэргээлтийн талаар хэлэлцэв

30

“Хүн төвтэй байгаль хамгаалал” ТББ-аас 2025 оны хоёрдугаар сарын 3-4-д Баянхонгор аймгийн малчдын дунд нутгийн онцгой бөгөөд үнэт ургамал болох заган ойг хамгаалах, нөхөн сэргээх асуудлыг хэлэлцүүллээ.
Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны агентлагийн (JICA) санаачилгаар Баянхонгор аймгийн Байгаль орчны газартай хамтран зохиосон энэхүү хэлэлцүүлэгт заг бүхий Баян-Өндөр, Богд, Шинэжинст, Баянлиг, Баацагаан сумдын 25 малчин, Японы мэргэжилтнүүд болох Окаяма Их Сургуулийн профессор Ёшикава Кэн, Санё-Онодагийн Их Сургуулийн доктор Накамура Хироши нар оролцов.
Заган ойг хамгаалах, нөхөн сэргээхэд тулгарч буй бэрхшээл, саадыг тодорхойлж, тогтвортой менежмент, нөхөн сэргээх стратеги төлөвлөгөөний санал боловсруулах зорилготой хурлын үеэр малчид өдөр тутмын хэрэгцээндээ загийг хэрхэн ашигладаг талаар илэн далангүй ярилцав. 
Тэд загийг түлшний зориулалтаар ашиглахаас гадна (2007 оноос хойш орон нутгийн захиргаанаас хориглосон тул түлшний хэрэглээ эрс багассан) уламжлалт эмчилгээнд хэрэглэдэг гэв.
Энэхүү орон нутгаас гаргасан хориг нь загийн байгалийн нөхөн сэргээлтэд эергээр нөлөөлж, заг урган тэлж байна гэсэн ч хур тунадас хангалтгүйгээс, мэрэгч амьтад загийн үндсийг идэж гэмтээх зэргээс үүдэн заган ой доройтож буйг онцлов. 
Заг нь тэмээний чухал бэлчээр нутаг бөгөөд элсний нүүдлийг зогсоож, бэлчээрийн доройтлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг тул хамгаалах, нөхөн сэргээх шаардлагатай.
Загийг бортогод тарьж ургуулах, хашаажуулан хамгаалах нь заган ойг нөхөн сэргээх үр дүнтэй аргууд байж болох ч, профессор Ёшикава Кэний зөвлөснөөр, хашаалсан талбайн хэмжээ бэлчээрийн хоорондын харьцааг зөв зохицуулах нь малчдад нэн чухал юм.
Хэт ихээр хашаалах нь бэлчээрийн талбайг хязгаарлах эрсдэлтэй тул үүнийг зөв зохицуулах шаардлагатайг судлаачид хэллээ. Мөн усны эх үүсвэр, худгийн менежментийг зөв төлөвлөх нь заган ой болон бэлчээрийг тогтвортой хамгаалахад чухал нөлөөтэй.
Энэхүү хоёр өдрийн хэлэлцүүлгээр малчид мэдлэг мэдээллээ хуваалцан, стратеги төлөвлөгөөний санал боловсруулаад зогсохгүй, заган ойг хамгаалах, нөхөн сэргээх хамтын хариуцлагыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэлээ. Малчид хэлэлцүүлэг, төлөвлөлтөд идэвхтэй оролцсоноор газрын тогтвортой менежмент, нутгийнхаа онцгой байгалийн өвийг хамгаалах чин эрмэлзэлтэй байгаагаа харууллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn