В.Зеленский: Дайныг зогсооход Д.Трамп шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж чадна
КИЕВ, 2025 оны нэгдүгээр сарын 3 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп 34 сарын турш үргэлжилж буй дайныг эцэс болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, Кремлийн удирдагч Владимир Путинийг зогсооход тусалж чадна гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский пүрэв гарагт мэдэгджээ.
В.Зеленский Украины телевизэд ярилцлага өгөхдөө, Д.Трамп нэгдүгээр сарын сүүлчээр тангараг өргөснийхөө дараа өөрийг нь Вашингтонд айлчлахыг урьсныг дурджээ. Тэрбээр хэлэхдээ "Миний хүлээж авах эхний хүмүүсийн нэг нь та байх болно гэж Трамп надад хэлсэн.
Дайныг зогсоох нь түүний хувьд эн тэргүүнд хийх зүйл бөгөөд дайныг зогсооно гэж хэлсэн" гэжээ. В.Зеленский хэлэхдээ, хамгийн түрүүнд фронт дахь байдлыг тогтворжуулах явдал нэн чухал, хэлэлцээ хийвэл Орос улс ялагдал хүлээсэнтэй адил болно хэмээн Путин айж байна гэжээ. "Трамп шийдэмгий байж чаддаг. Энэ бол бидний хувьд хамгийн чухал зүйл юм. Тэрбээр энэ дайнд шийдэмгий байж чадна. Тэр Путинийг зогсоож чадна, шударгаар хэлэхэд Путинийг зогсооход бидэнд тусална. Тэр үүнийг хийж чадна" гэж В.Зеленский хэлжээ. Холбоотон орнуудаас аюулгүй байдлын баталгаа олгох, Европын Холбоонд элсэх, НАТО-д элсэх урилгыг хүлээн авах нь Украины хувьд шударга энх тайвныг тогтооно гэсэн үг юм гэж В.Зеленский мэдэгджээ.
"Мэдээж, АНУ-ын оролцоогүй аливаа аюулгүй байдлын баталгаа нь Украины хувьд сул баталгаа юм" гэж тэрбээр онцлон хэлсэн байна. Тэрбээр мөн мөргөлдөөнийг шийдвэрлэх Трампын засаг захиргааны төлөвлөгөөнд Украины талын саналыг харгалзан үзэх ёстой гэж мэдэгджээ.
В.Зеленский цааш нь хэлэхдээ, Трампын засаг захиргаа Оросын талтай ойрын үед холбоо тогтоож чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Путин өмнө нь "Москва хэлэлцээ хийхэд нээлттэй" гэж мэдэгдэж байсны зэрэгцээ Оросын цэргийн амжилттай довтолгоо, Украины дөрвөн бүс нутгийг Орост нэгтгэсэн явдлыг хэлэлцээний явцад харгалзан үзэх ёстой гэсэн юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг