Ногоон автобусны хэрэгт "хэн ч буруугүй"!
Энэ жил төрийн түшээ, албан тушаалтнуудад халгайтай жил байлаа. Оны эхнээс нийгэмд дуулиан шуугиан тарьсан хэд хэдэн хэргийг хуулийн байгууллагынхан шалгаж байгаагаа зарласан. Үүнд цөөнгүй УИХ-ын гишүүн, гишүүн асан эрх мэдэлтний нэр цохогдож, хэрэгт холбогдов. Тодруулбал, нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох хэрэг, Хөгжлийн банкны 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэрэг, ногоон автобусны буюу А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэрэг.
Эдгээрээс Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 80 хүний дийлэнхийг цагаатгаж, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон бол нүүрсний хэргээр шүүхээс ял сонссон албан тушаалтнууд нүүрсний хулгайч биш болж таарсан. Одоо дөрөвхөн хоногийн дараа бүтэн хоёр сараар хойшилсон ногоон автобусны шүүх хурал болох товтой.
Гэтэл "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг гадуур шалгагдаж, хэвлэлд ярилцлага өгч сууна. Тэрбээр "Би ногоон автобусаар ямар нэгэн цавчаа хийгээгүй. Шинжээчийн дүгнэлтээр ногоон автобуснууд шинэ гэдэг нь тогтоогдсон" гэв. Ногоон автобусны гэх хэргээс болж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Түгжрэлтэй тэмцэх сайдын албанаасаа чөлөөлөгдсөн бол Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар мөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн.
Бүгд л энэ хэрэгт буруугүй, хэлмэгдсэн гэх. Энэ хэргийг гол буруутан хэн бэ?
УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Сүхбаатарын хувьд “Автобус худалдан авахад миний оролцоо байгаагүй. Төсвийг нь шийдэж өгсөн. Худалдан авах ажиллагааг нийслэл зохион байгуулсан” гэж мэдэгдсэн. Харин Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар мөн л өөрт нь хамааралгүйгээр энэ ажил явсан гэдэг агуулгатай тайлбар хийж байв.
НИЙТ 134 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРСАН
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн.
“Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан.
Хохирлыг барагдуулах хүрээнд “Тэнүүн-Огоо” ХХК-ийн данснаас нийт 11.9 тэрбум төгрөгийг хураан авч, 75.3 тэрбум төгрөгийн барилга, байгууламж, газар, эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэж авсан талаар албаныхан мэдээлж байв. Үүнээс гадна “Skywell” загварын их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй 55 ширхэг автобус, цахилгаан цэнгэлдэх найман төхөөрөмжийг төлбөр барагдуулахаар хураан авсан болохыг нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлсэн юм.
Хохирлын үлдэгдэл мөнгө 1.1 тэрбум төгрөг байгаа бөгөөд тус компанийн “Daewoo BS106” маркийн 10 ширхэг автобусыг барьцаалан төлбөр барагдуулахаар хэлцэл хийсэн байна.
Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал “Тэнүүн-Огоо” ХХК-ийн зарим хөрөнгийг авто баазуудад шилжүүлэн аваад байна. Тухайлбал, БГД-ийн 20 дугаар хороонд байрлах 30 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх объектыг нэгдүгээр баазад, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 10 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх объектыг гуравдугаар баазад, БЗД-ийн 8 дугаар хороо 25.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр үнэлэгдэх объектыг хоёрдугаар баазад, СХД-ийн 33 дугаар хороонд байрлах 7.9 тэрбус төгрөгөөр үнэлэгдэх объектыг дөрөвдүгээр баазад тус тус шилжүүлэн аваад байна” гэж мэдээлсэн.
НОГООН АВТОБУСНЫ ШҮҮХ ХУРАЛ ИРЭХ ДАВАА ГАРИГТ БОЛНО
Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг өнгөрсөн долдугаар сард /2024.07.29/-нд хийхээр товлосон ч, өмгөөлөгчдийн хүсэлтээр хоёр удаа хойшилсон юм.
Яллагдагч А.Ганхуягийн өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг. Ингэснээр цагдан хоригдож байсан А.Ганхуяг нар гэртээ гарч гадуур байцаагдах болсон юм.
Шүүх хуралдааныг 2024 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагт товлосон юм.
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
https://news.mn/r/2758642/