Голомт банк: “Өвөр Монголын банк”-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав
ӨМӨЗО-ы Ардын банк, Худалдааны танхим, Олон улсын худалдааг дэмжих хороо, Эрээн хотын намын хороо, хотын захиргаа, Өвөр Монголын банк хамтран зохион байгуулсан "Санхүү, хөрөнгийн хөнгөлөлттэй бодлогыг үр дүнтэй холбож, Монгол руу чиглэсэн нээлттэй бодлогыг тэлэхүй" чуулга уулзалт энэ оны наймдугаар сарын 4-ний өдөр Эрээн хотноо амжилттай болж өндөрлөлөө. Тус хуралд Голомт банк уригдан оролцсон бөгөөд Өвөр Монголын банктай “Стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулан Хятад-Монгол улсын хоорондын худалдааг таатай нөхцөлөөр санхүүжүүлэх хамтын ажиллагаагаа эргэн сэргээхээр тохиролцож, санамж бичиг байгуулсан юм.
Арга хэмжээний үеэр ӨМӨЗО-ы Засгийн газар, Хятад-Монголын арилжааны банкнууд, аж ахуйн нэгжийн төлөөллүүдийн гурван талт дугуй ширээний уулзалт болсноор хил дамнасан төлбөр тооцоо, хилийн чанад дахь хөрөнгө оруулалт болон хуулийн орчинд тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн үр дүнтэй хэлэлцээрийг өрнүүлсэн.
Өвөр Монголын банк нь 1999 онд ӨМӨЗО-ы Засгийн газрын хөрөнгө оруулалттай байгуулагдсан орон нутгийн банк бөгөөд гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажилладаг Хятад улсын аж ахуйн нэгж, байгууллагуудад хүрч үйлчилдэг зах зээлдээ танигдсан банк юм.