БАЯНХОНГОР: Эхийн голын усан санг ажиллуулахад бэлэн болжээ

208
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхийн голын баянбүрдийг сэргээх, жимс ногоо тариалалтыг дэмжих урт хугацааны төслийг орон нутгийн уул уурхайн компанитай хамтран хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нутгийн тариаланчдын санал, хүсэлтээр Эхийн голын услалтын системийг засварлаж дуусжээ. Баянхөндий төслийн багаас нэгдүгээр усан сангийн гаргалгааны шугам хоолойд хаалт суурилуулж, усан санг хэвийн ажиллагаанд шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэснээр уг усан санг 11 жилийн дараа дахин ашиглах боломж бүрдэж байгаа юм.

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхийн гол баг алдарт "Сэгс цагаан богд" уулын ар хормойд Улаанбаатараас 1100 гаруй км, аймгаас 430 км, сумаас 180 км-т оршдог. Жилийн дундаж агаарын хэм +5, хур тундас 30 орчим мм буюу бороо цас гэж бараг мэдэхгүй өвөрмөц уур амьсгалтай нутаг. Зунд хөрсөн дээр +50, түүнээс ч давж халах нь бий.

Баянхонгор аймгийн Шинэжинст суманд орших уг услалтын системийг 1973 онд анх байгуулсан бөгөөд тариаланчид усалгаандаа тогтмол ашигласаар иржээ. Гэвч 2013 оноос хойш уг системийн нэгдүгээр усан сан усны сэлгэлт байхгүйгээс замагжиж, бохирдол хуримтлагдсанаар сүүлийн арваад жилийн турш ашиглаагүй аж.

Нутгийн тариаланчид тухайн бүсэд хүнсний ногоо, өргөст хэмх, улаан лооль, чинжүү, тарвас, амтат гуа, бөөрөнхий сонгины тариалалт хийдэг. Монгол оронд ургадаг лидрийн бараг 90 хувь нь энд байдаг гэдэг. Тоорой, сухай, заг, хармаг, зэл зангуу, хулан зээрийн ундаа, маш ховордсон алтан утас, потанины хотир зэрэг эмийн ургамал, бух хорхой мэтийн өөр хаана ч дайралдахгүй шавжууд үзэгддэгээрээ онцлог.

Ташрамд, “Урьд цагт энэ нутагт гол булаг байгаагүй бөгөөд долоон хүүтэй эх амьдран суудаг байжээ. Гэтэл нэгэн өдөр хятад цэргүүд ирж гэр орныг нь түйвээгээд долоон хүүхдийг нь хөнөөсөн тул эх гашуудан уйлсаар долоон булаг үүсгэжээ. Тэр эхийн гашуудлын нулимсаас үүссэн гол тул Эхийн гол нэртэй болсон” гэдэг домогтой.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn