БАЯНХОНГОР: "Музейн нээлттэй өдрүүд" энэ сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ

248

Соёлын сайдын тушаалаар жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулдаг. Эл өдрүүдэд төрийн болон орон нутгийн өмчит бүх Музей үнэ төлбөргүй үйлчилдэг бөгөөд Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүй болон Байгалийн Музей хөл ихтэй байна.

Тодруубал, энэ сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх тав хоногт аймгийн Музейг 600 гаруй хүн үзсэн байна. Музей үзсэн хүмүүсийн 80 шахам хувь нь сурагчид бөгөөд анги хамт олноороо зохион байгуулалттайгаар үзэж байгаа аж.

“Музейн нээлттэй өдрүүд” энэ сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд ажлын өдрүүдэд ажлын цагаар, Бямба, Ням гарагт 10:00-17:00 цагийн хооронд ажиллах юм.

Монгол Улсад орчин цагийн Музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй тус үйл ажиллагаа Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод заасан зорилт арга хэмжээний хэрэгжилтийг­ хангахад дэмжлэг үзүүлэх, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой. Музей нь тухайн улсын өнгөрсөн одоо цагийн оюуны сан үнэт зүйлийг цуглуулж, хадгалж хамгаалж, түүнд тулгуурлан олон нийтэд үндэсний түүх, соёл, ондоошил онцлогийг илэрхийлсэн мэдлэг мэдээллийг түгээж байдаг хамгийн тэгш хүртээмжтэй соёл гэгээрлийн байгууллага. 

Баянхонгор аймгийн МУЗЕЙ
Баянхонгор аймгийн Музей анх 1949 оны дөрөвдүгээр сарын 16-нд аймгийн Бага хурлын Тэргүүлэгчдийн 18 дугаар тогтоолоор нэг гэрт 10-аад үзмэртэй үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Өдгөө Түүх угсаатны зүй, Байгалийн түүхийн музей гэсэн хоёр салбартай 10 мянга гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, 17 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Тус музей хоёр салбартай бөгөөд аймгийн төв дэх музейгээс гадна Галуут сумын Чин сүжигт Номун ханы сүм музей гэсэн салбартай.

Түүхэн сурвалжаас харвал, Баянхонгор аймгийн Музей 1950-1955 онд ХАА үзэсгэлэн нэртэй гол төлөв самбар зураг үзүүлэнтэй, 1955-1960 онд жижиг модон байшинд, 1960-1963 онд 5 ханатай гэрт байрлан үзмэр цуглуулах ажлыг голлон зохион байгуулж, 1963 оноос Соёлын ордонд, 1972 оноос одоогийн байрлаж байгаа байрандаа иржээ.

Баянхонгор аймгийн Түүх, угсаатны зүйн болон Байгалийн түүхийн музейд хосгүй ховор үзвэрүүд олон бий. Тухайлбал, Тарбозаврын бүтэн хэлхээ яс, хос хүрэл морь, бадамлянхуа цэцэг, Ламын гэгээний хийдэд залагдаж байсан Цагаан, Ногоон дарь эх бурхад зэрэг ард иргэдийн бэлэглэсэн, худалдсан түүхэн ач холбогдолтой хосгүй үнэт 10 мянга орчим үзмэртэй.

Музей тус бүр найман танхимтай. Түүх угсаатны зүйн музей Нэн эртний танхим, Генералуудын, Угсаатны зүйн, Сав суулгын, Шашин, зан үйлийн, Алдартны танхим, Дүрслэх урлаг, уран сийлбэрийн, Уламжлалт зан үйлийн танхимтай. Харин Байгалийн музей Динозаврын танхим, Шавжны, Ургамлын, Чулуулгийн, Мазаалайн, Хангайн амьтны, Говийн амьтны, Шувуудын танхимтай аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn