Оросын эсрэг хоригоо АНУ өргөжүүлнэ

258

ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 21 /CNBC/. 
Оросын сөрөг хүчний нэртэй удирдагч Алексей Навальный өнгөрсөн долоо хоногт нас барсан явдалтай холбогдуулан Цагаан ордноос Оросын эсрэг шинээр хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби мягмар гарагт мэдэгдэв.


Тэрбээр хэлэхдээ “Оросын засгийн газар дэлхий нийтэд ямар ч түүхийг ярихаар шийдсэн байлаа ч гэсэн Ерөнхийлөгч Путин болон түүний засгийн газар А.Навальныйгийн үхэлд хариуцлага хүлээх нь тодорхой. Ерөнхийлөгч Байдены өгсөн чиглэлийн дагуу бид энэ долоо хоногийн баасан гарагт томоохон багц хориг арга хэмжээ авах шийдвэрийг зарлах болно” гэлээ.


Хоёр жилийн өмнө Украинд дайн эхэлснээс хойш АНУ-ын зүгээс Орост худалдааны хязгаарлалтууд тогтоогоод байгаа юм. Шинэ хориг арга хэмжээний хувьд Оросын эдийн засгийг “боомилох” арга хэмжээг үргэлжлүүлэхийн сацуу А.Навальныйгийн үхэлтэй холбоотой тодорхой хязгаарлалтуудыг нэмж оруулна гэдгийг Ж.Кирби онцлоод хориг арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг баасан гарагт өгнө гэж нэмж хэллээ.

А.Навальныйгийн бэлэвсэн эхнэр Юлия Навальная нөхөр нь өнгөрсөн баасан гарагт нас барсан явдалд В.Путинийг буруутгасан боловч Кремлийн зүгээс үүнийг үгүйсгэсэн юм. А.Навальный салхилж явахдаа ухаан алдсан ба сэхээн амьдруулж чадаагүй гэж түүний хоригдож байсан шоронгоос мэдэгдсэн байна.

Даваа гарагт Оросын засгийн газар А.Навальныйгийн үхлийн шалтгааныг шалгаж байгаагаа мэдэгджээ. Конгресс завсарлага авснаар Украинд 95 тэрбум долларын багц тусламж үзүүлэх асуудал мухардалд ороод байгаа үед А.Навальный нас барсан юм. “А.Навальный нас барсан явдал нь Конгресс мухардмал байдлыг зогсоож, Оросын эсрэг Украины хамгаалалтыг бэхжүүлэх санхүүжилтийн багцыг батлах шаардлагатайг харууллаа. Владимир Путиний эсрэг зогсохын тулд бидний яг одоо хийж чадах зүйлсийн нэг бол багц тусламжийн тухай хуулийн төслийг баталж, Украиныг дэмжих явдал юм” гэж Ж.Кирби хэллээ.  


Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn