Баянхонгорт нэр дэвшигчдийг шинжихүй

529


Сонгуулийн санал хураалт эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Хонгорчууд улстөрийн мэдрэмж өндөртэй ард түмэн ажээ. Нэр дэвшигчдийг хэн хэн бэ гэдгийг сүрхий ярьж байна шүү дээ. Хамгийн гол нь харьцуулалтдаа гаргуун сонгогчид байна.
Нэгд, бол УИХ-ын дарга Г.Занданшатарыг танихгүй хүн гэж алга. Тэр төрийн гурван өндөрлөгийн нэг гээд бахархал нь бололтой. Саналаа ч өгнө гэж байна. Тэр хүн гаргах нь ч гарах байх. Гэхдээ манайхан гэнэ алдваа. Г.Занданшатар гарчих юм чинь миний ганц санал дутав гээд өөр хүн дугуйлчихдаг тал бий. Ёстой тэгж болохгүй юм шүү, хонгорчуудаа. Нэг, хоёр тэгж дугуйлаад нэмсээр нэжгээд болж, бахархаад байсан даргаа унагачихав даа, захихад. Г.Занданшатар 90 тэрбумын хөрөнгө оруулалтыг өнгөрсөн 4 жил нутагтаа оруулсан гэж бодохоор яалт ч үгүй нутгаа гэсэн агуу сэтгэл нэмэх нь Монголын улстөрийн хүрээний зангараг, эрх мэдэл биз дээ.
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг царайлаг хүүхэн байна. Наснаасаа ч залуу харагддаг бололтой юм. Гадаад харилцааны дэд сайд гэсэн монгол төрийн өндөр албан тушаалыг түүртэлгүй хашаад ирсэн, хэл устай, боловсрол мэдлэгтэй шинэ үеийн монгол эмэгтэй байна. Хонгорын бүсгүйчүүд Б.Батцэцэгийн ганган хүрэн дээл, намуухан, цэгцтэй яриа хөөрөөг шимтэн сонсож сууж харагдана билээ. Бүсгүй хүний нүдээр бүсгүй хүнээ ингэж сонжин хардаг бидний зан л даа. Түүний нэр хүнд хэдхэн хоногт огцом өсч, хонгорчууд эмэгтэйчүүдээ бид дэмжинэ гэж байна лээ.
Л.Элдэв-Очир гишүүн жинхэнэ эр хүн байна. Өмнөх 4 жил сонгогдохдоо амалсан амлалтаа биелүүлчихээд ирсэн учраас нүүр бардам юм аа. Би, бид тэрийг хийсэн л гээд яриад байх юм. Одоо дулааны цахилгаан станц барина, сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна гэж ярьж байна. Өмнөх амлалтаа бүтээсэн хүнд хонгорчууд итгэлгүй ч яахав.
Хамгийн гол нь хонгорчууд нэг намаас багаар нь сонгочихвол нутаг орондоо ирэх унац нь илүү юм гэдгийг ойлгочихож. Тиймээс гурвууланг нь сонгочихвол аймаг орон нутагт хөрөнгө оруулалт их болно, хотод очоод гурвын гурван хүнийхээ ядаж нэгэнтэй нь уулзчих боломжтой гэж алсыг харж байх юм.
Баянхонгорынхон тийм ч амархан пиардуулчих сонгогчид биш
АН-аас нэр дэвшигч Д.Ганбат өнгөрсөн 20 жилийн хугацаанд 3 удаа УИХ-д нэр дэвшээд 2012 онд нэг удаа сонгогдоод дахин 2016 онд дэвшсэн боловч унасан. Одоо дахин нэр дэвшээд ирлээ дээ. Өөрөөр хэлбэл, АН-аас Баянхонгор аймагт сүүлийн 20 жилийн хугацаанд зөвхөн Д.Ганбатын нэрийг дэвшүүлж иржээ. АН-аас бидон Гамбаагаас өөр дэвшчих хүн байдаггүй юм байх даа. Сонин шүү.
А.Адъяасүрэнг “Номгон санчир” авто жолооны курс ажиллуулж байсан, эдүгээ БНХАУ руу Таван толгойн нүүрсний тээвэрлэлт хийдэг бизнес эрхэлдэг юм байна. Өнгөрсөн жил Баянхонгорт ирж, хөдөөгийн малчдын дунд мотоциклийн сугалаа явуулж, бужигнуулан нэр дэвших замаа засч явсан байна. Төрийн болон улстөрийн ажлын туршлагатай эсэхийг бол мэдэхгүй юм байна. Царайны сайхнаар цай сүлэхгүй л дээ. Гэхдээ фотошопны цаана ямар ч царай зүс байгааг хэн мэдлээ. МАН-ын нэр дэвшигч бүсгүй Б.Батцэцэгийн дэргэд бол боловсрол мэдлэг, туршлагаараа хол хаягдаж байгааг үгүйсгэх арга алга.
П.Нүрзэд Ерөнхийлөгчийн зөвлөх гэдгээрээ өөрийгөө товойлгон Баянхонгор аймагт нэр дэвшин ирж байна. Хамгийн сүүлд Удирдлагын академи төгссөн боловсролтой. 2004 оноос хойш АН-ын сонгуульт ажлуудыг хийж явсан “нам дагасан” туршлагатай юм байна. Залуу хүн гэхэд хэл, усны боловсрол нимгэн бололтой. Тэртээ 2004 онд Баянгол дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст ажиллаж байгаад ЗТБХБЯ-ны хэлтсийн даргыг ажлыг одоогоос 8 жилийн өмнө хийж байжээ. Тэгээд л намаа бараадан ажиллаж явсаар өнгөрсөн оноос огцом дээшилж Ерөнхийлөгчийн зөвлөх болжээ. Ерөнхийлөгч энэ залуугаар юугаа ч зөвлүүлдэг юм бүү мэд дээ. Бусад Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн ихэнх нь өндөр хөгжилтэй орнуудад өндөр боловсрол эзэмшсэн залуус байдаг юм билээ. Эдгээрээс боловсрол, туршлага жул нь л “манай хүн” байх даа.
Та бидний эвслээс нэр дэвшигч гурвын нэрийг нь ч тогтоосонгүй. Э.Содномжамц хэдхэн сарын өмнө Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад гарсан. Уг нь бол Г.Занданшатар даргатай ойр байсан хүн. Дэмжлэг тусламжийг нь бишгүй л хүртсэн гэж нутгийн иргэд ярих юм билээ. Нэг л өдөр тэрбээр урваад өрсөлдөгч болоод явж байдаг “буян” юм даа.
Баянхонгор аймагт бас бус санал хуваах зорилгоор бие даасан, сонгуулийн сургаар байгуулагдсан нам эвслийн гээд нийт 18 хүн нэр дэвшиж байна. Эдгээр нэр дэвшигчдийн харахад монгол төрийн босгыг хэт намхан гэж андуурч эндүүрсэн армийн хэд нь энд байна. Цаад санаа нь МАН-ын саналыг хуваах, АН-ынхан намайг худалдаж авах болов уу гэсэн горьдлого тээгсэд юм.
Хонгор нутгийнхан тийм ч амархан пиардуулаад буруу сонголт хийчих сонгогчид биш санагдсан шүү.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn