Япон, Хятад, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд нар уулзжээ
Япон, Хятад, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд нар гурван орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах чиглэлд гаргах хүчин чармайлтыг эрчимжүүлэхээр тохиролцжээ. Ийм уулзалт хамгийн сүүлд 2019 онд болж байсан юм. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Жин нар Өмнөд Солонгосын Бусан хотноо ням гарагт уулзсан байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хийсэн гурван талын Гадаад хэргийн сайд нарын анхны уулзалт цаг хагасын турш үргэлжилжээ. К.Йоко уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ, хөрш гурван орон зарим үед хүнд хэцүү асуудалтай тулгардаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч энэхүү уулзалтаар хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бүрдүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. Улмаар бүс нутаг, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө ирээдүйг харсан бодитой хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэдэгт гурван сайд санал нэгджээ. Мөн худалдаа, эдийн засаг, энх тайван, аюулгүй байдал зэрэг зургаан салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцсон байна.
Сайд нар мөн Умард Солонгос цэргийн тагнуулынх хэмээн мэдэгдэж буй хиймэл дагуулыг хөөргөсөн талаар санал солилцсон байна. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг Пёньян бүрэн хэрэгжүүлэх ёстой гэдгийг К.Йоко онцлон хэлжээ. Израил-ХАМАС бүлэглэлийн мөргөлдөөний тухайд Газын зурвас дахь хүмүүнлэгийн байдлыг сайжруулах нь чухал бөгөөд дипломат хүчин чармайлтыг үргэлжлүүлэх ёстой гэдэгт талууд санал нэгдсэн байна. К.Йоко хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, олон улсын хамтын нийгэмлэг томоохон сорилт, өөрчлөлтүүдийг даван туулсны дараа “эргэлтийн цэгтэй” тулгараад байгаа энэ үед дараагийн гурван талын дээд хэмжээний уулзалтаар бодитой үр дүнд хүрэхийн тулд Ван И, Пак Жин нартай үргэлжлүүлэн хамтран ажиллана хэмээн мэдэгдлээ. Талууд хамтарсан хэвлэлийн бага хурал хийж, оройн зоог барихаар төлөвлөж байсан боловч тэдгээр арга хэмжээг цуцалжээ. Японы Засгийн газрын эх сурвалжуудын мэдээлснээр, Хятадын талын хуваариас шалтгаалан ийм шийдвэр гаргасан байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг