Б.Батцэцэг: Монгол Улсын гадаад харилцаа 2023 онд идэвхтэй хэлбэрээ хадгалах болно

275


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдийг хүлээн авч уулзан, Монгол Улсын гадаад харилцааны бодлого чиглэл, тус салбарт 2022 онд хийгдсэн айлчлалууд, түүний үр дүн, 2023 онд тус яамнаас хэрэгжүүлэх голлох ажлуудыг танилцууллаа.

Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлого нь
анхнаасаа зөв байсныг үйл явдлууд нотолсон
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллийнхээ эхэнд хэлэхдээ “Монгол Улс нь энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг хэрэгжүүлэхээр бодлогын баримт бичгүүддээ томъёолсон. Энэхүү бодлогоо маш сайн баримталж, өнгөрөгч 2022 онд хэрэгжилтийг нь хангаж ажиллалаа. Энэ нь дээрх бодлого нь анхнаасаа зөв бодлого байсан гэдгийг нотолсон үйл явдлаар дүүрэн он болж өнгөрлөө гэсэн үг юм. Би энд гурван зүйлийг онцолж хэлмээр байна. Нэгдүгээрт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогын орчин анхнаасаа зөв байсан гэдгийг дахин хэлэх байна. Хоёрдугаарт, хоёрдогч болон гуравдагч хөрш, НҮБ, олон улсын бусад байгууллагуудын хүрээнд өөрийн байр суурийг хадгалж, гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангахад онцгой анхаарч ажиллалаа. Гуравдугаарт, дэлхийн эдийн засгийн өсөлт бүхэлдээ унасан энэ үед харьцангуй хохирол багатай даван туулах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэхийн тулд гадаад харилцаагаа эрс идэвхжүүлэх шаардлага бий болсон. Иймд Монгол Улс 2022 онд гадаад харилцаагаа илүү идэвхтэй хөгжүүлж, эрчимжүүлсэн жил болов. Үүнд, 10 гаруй гадаад айлчлал, тэр дундаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон Гадаад харилцааны 6 сайд манай улсад айлчиллаа. Өмнөх 30 жилийн айлчлалуудын давтамжийг харахад, жилд 2-3 өндөр дээд хэмжээний айлчлалыг хэрэгжүүлдэг байв. 


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн айлчлал нь Монгол Улс НҮБ-д 1961 онд гишүүнээр элссэний 60 жилийн ой, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхацсан. Айлчлалынхаа үеэр ноён Антонио Гутерреш “Монгол Улс бол энх тайвны бэлгэ тэмдэг” хэмээн нэрлэсэн нь нэн чухалд тооцогдоно. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы нээлтэд оролцсон. Түүнчлэн Египет Улсад болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцсоныг та бүгд мэдэх билээ.

Цаашид манай улс НҮБ-аас хэрэгжүүлж буй олон улсын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах гурван зүйл дээр хамтарч ажиллая гэсэн чиглэлтэй буй. Нэгдүгээрт, Тогтвортой хөгжил-2030, Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ 2024 он гэхэд төрийн үйлчилгээний 90-ээс доошгүй хувийг “Цахим Монгол” платфортод оруулах, төрийн бүх үйлчилгээг цахимжуулж дижитал үндэстэн болох гэсэн бодлогын чиглэлд илүү нягтарч ажиллах шаардлагатай. 


Хөрш орнуудтай хөгжүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Ерөнхий сайдын, Гадаад харилцааны сайдын айлчлалыг БНХАУ-д хэрэгжүүлсэн нь ихээхэн үр дүнгээ өгч, улс төр, гадаад худалдаа, хил гааль гээд олон салбарт бодлогын томоохон шийдвэрүүдийг гаргахад нөлөөлсөн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны 11 дүгээр сард хийсэн төрийн айлчлалаараа гадаад худалдааны хэмжээ 10 тэрбум ам.долларт хүрсэн хэмээн үзэж, ирэх таван жилд 20 тэрбум ам.долларт хүргэхээр ярилцаж тохиролцсон.

Буцалтгүй тусламж, хөнгөлөлтэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг эцэслэн ярьж тохирлоо. Энэхүү айлчлалын хүрээнд хамтарсан мэдэгдэл гаргасан. Гашуунсухайт, Ганцмод, Ханги, Мандал, Замын-Үүд, Эрээний боомтын дэд бүтцийг сайжруулах, төмөр замын ажлыг эрчимжүүлэх, нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр олон жил ярьсан гацаатай асуудлууд дээр бид ахиц гаргав. Хятад Улс боомтын хөгжлөө цогцоор нь авч үзэж, тавигдах шаардлагаа дээшлүүлсэн. Иймд бид тэрхүү бодлоготой нийцүүлж Боомт хариуцсан сайдыг томилж, Боомтын сэргэлтийн үндэсний хороог шинэлэн байгуулж чамгүй ажлыг эхлүүлээд байна.

“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг БНХАУ тал бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Цаашид байгаль орны чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тохирсон. Манай талаас ТЭЗҮ-тэй сайн төслүүдийг Хятадын талд өгч, дараа дараагийн ажлаа тохирох юм. Энэхүү айлчлалын хүрээнд 16 баримт бичигт гарын үсэг зурсан ба 19 заалт бүхий хамтарсан мэдэгдлийг гаргасан.

2021 онд Монгол Улс-ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан ёсны айлчлал хийхийн зэрэгцээ уг ойг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. 2022 оны хувьд үүссэн нөхцөл байдлын улмаас тус улсад хийсэн айлчлал харьцангуй цөөн хэдий ч тус улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчилсан. Бид хоёр улсын харилцаа иж бүрэн стратегийн түвшинд амжилттай хэрэгжиж байгааг харилцан тэмдэглэж, хамтын ажиллагаагаа бэхжүүлж ажиллахаа илэрхийлсэн юм. Үүний зэрэгцээ Узбекстанд болсон ШХАБ-ын уулзалтаар гурван улсын Ерөнхийлөгч авто зам, төмөр зам зэрэг “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т туссан төслүүд дээр тодорхой тохиролцоонд хүрсэн” гэв.

Гадаадын өндөр, дээд түвшний төлөөлөгчид Монгол Улсыг зорин айлчилж байгаа нь
 манай орны нэр хүнд өссөний тод илрэл

Тэрбээр гуравдагч хөрштэй өрнүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны тухайд "Гадаадын өндөр, дээд түвшний төлөөлөгчид Монгол Улсыг зорин айлчилж байгаа нь яах аргагүй манай орны нэр хүнд өсөж, бидний баримталж буй бодлого, үйл ажиллагаа оновчтой байгаагийн тод илрэл юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүүлийн 12 жилийн хугацаанд хийгээгүй төрийн айлчлалыг Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд өнгөрсөн оны 11 дүгээр сард хийсэн. Айлчлалаар өнгөрсөн 50 жилийн хугацааны хамтын ажиллагаагаа дүгнэж, ирэх 50 жилийн харилцааны зорилтоо дэвшүүлсэн юм. Япон Улс 50 мянган мод тарьж ойжуулах төсөл хэрэгжүүлэхээр болсноос гадна манай 20 мянган залуусыг энэ чиглэлээр сургахаа мэдэгдсэн. Гуравдагч хөршийн харилцаанд Солонгос Улстай харилцах харилцаа нэн чухал. Тус улсын Гадаад хэргийн сайд манай улсад 8 жилийн дараа айлчилж, гучин жилийн харилцаагаа дүгнэж, ирэх гучин жилийн хэтийн зураглалаа тодорхойлсон хэрэг юм. Ингэхдээ тээвэр ложистик, эрчим хүч, дэд бүтэц, ХАА зэрэг салбарт үр ашигтай хамтарч ажиллахаар, Монгол-Солонгосын газрын ховор элементийн хамтарсан судалгааны төвийг тус улсын тусламжтай байгуулахаар, “Ногоон хэрэм" III шатны төслийн хүрээнд 45 га-д мод тарина. Үүний зэрэгцээ Солонгос Улс руу манай улсын иргэд визгүй зорчих асуудлыг үргэлжлүүлэн ярьж буй.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсад албан ёсны айлчлал хийсэн. Тэдний мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монголдоо суурьшуулах хүрээнд тус улстай хамтарч ажиллах тал дээр тодорхой санал солилцож, хамтын ажиллагааны гурван баримт бичигт гарын үсэг зурсан. Ерөнхий сайд мөн Герман Улсад албан ёсны айлчлал хийж, тээвэр ложистик, эрчим хүч, уул уурхай, мэдээлэл технологи, хот төлөвлөлт, ХАА, ойн инженер зэрэг 1000 инженерийг үе шаттай бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр тогтсон юм. Мөн газрын ховор элементийн хагас боловсруулах үйлдвэрийг германы тусламжтайгаар байгуулах чиглэлээр судалгааны ажил эхлүүлэхээр болсон" гэлээ. 

Манай улс 2023 онд хоёрдогч болон гуравдагч хөрштэйгээ
тэнцвэртэй харилцаагаа хадгална
Салбарын сайд уулзалтынхаа төгсгөлд "Дэлхийн улс орнууд өнөөдөр олон сорилттой тулгарч байна. Иймд улс орнууд эдийн засгийн бие даасан байдлаа хангах, бие биеэсээ харилцан хамаарлаа бууруулж, зөвхөн найрсаг харилцаатай түнш орнуудтайгаа худалдаа, эдийн засгаа хөгжүүлэх хандлагатай байна. Манай улсын хувьд хоёрдогч болон гуравдагч хөрш орнуудтайгаа тэнцвэртэй харилцаагаа хадгалж, үндэсний эрх ашгаа нэн тэргүүнд тавьж, стратегийн бие даасан гадаад бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Мөн “Аялал жуулчлалыг дэмжих жил"-ийн хүрээнд 34 орны иргэдийг визээс чөлөөлсөн. Иймд Монгол Улсын гадаад сурталчилгааг оновчтой болгоход анхаарна.

Өнөөдрийн байдлаар 87 оронд 127 мянган монгол иргэн амьдарч байна. Тэр утгаараа дипломат ажилтнуудын томилгоог улстөржүүлэхгүйгээр явуулах, боловсон хүчнээ чадавхжуулах, улмаар консулын албыг бэхжүүлэх, хилийн чанадад ажиллаж буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, эрсдэлийн сангийн мөнгөн дүн нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын үйлчилгээг өргөжүүлэх зэрэг анхаарал татсан ажлууд бий. Иймдээ ч энэ жил Монгол Улсын гадаад харилцаа идэвхтэй хэлбэрээ хадгалах болно" хэмээв. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn