Б.МӨНХТОГОО: Хүү минь эмч нарын буруугаас болж 3 жил АМЬДЫН ТАМД БАЙНА

498

Баянхонгор аймгийн иргэн Б.Мөнх-Эрдэнэ, Б.Мөнхтогоо нар эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж гурван жил, маш хүнд оноштойгоор хэвтэрт байгаа хүүгийнхээ тухай мэдээлэл хийлээ.
Тодруулбал, иргэн Б.Мөнхтогоогийн хүү М.Эрхэмбаяр нь 2019 онд Баянхонгор аймгийн Галуут сумаас аймгийн Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт олгойн хагалгаанд орсон байдаг. Хүү хагалгаанд орсноос хойш 19 хоногийн дараа ухаан орсон боловч сүрьеэ, менингетийн хавсарсан оноштой болжээ. Гурван жилийн хугацаанд байнгын таталт өгч, нойрны эмээр өдөр хоногийг өнгөрөөж буй хүүгийн ийм болсон шалтгаан нь эмч нар хэмээн эцэг эх, асран хамгаалагч нар нь үзэж байгаа аж. Учир нь хүү өмнө нь эрүүл саруул нэгэн байсан бөгөөд түүнийг хагалгаанд оруулахын тулд нугасаар нь мэдээ алдуулаад зогсохгүй, хоёр удаа нугаснаас нь ус авч, хоёр удаа унтуулгад оруулсан тухайгаа эмч нар эцэг эхэд нь дуулгаагүй байна. Эмнэлзүйн маш том, аюултай энэхүү шийдвэрийг эцэг эхэд нь дуулгалгүй гүйцэтгэсэн нь тэднийг буруутгах болсон эхний шалтгаан аж. Тийнхүү гомдол гаргаж, шүүх цагдаагийн байгууллагаар явсан ч доривтой хариу гарахгүй байсаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ. Гэхдээ хүүгийн аав, ээж буруутай этгээдүүдийг олж, хүүгийн эмчилгээний зардлыг гаргуулж, гадаад руу эмчилгээнд явах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. 
Хүү өнөөг хүртэл ийм байдалтай байна
Хүүгийн аав Б.Мөнхтогоо хэвлэлийн хурлын үеэр  “Миний хүү эрүүл хүүхэд байсан. Хагалгаанд орсноор ийм байдалд хүрлээ. Үйлдлээ нуух зорилготойгоор өөр өвчин болгож сүрьеэгийнхээ тасаг руу явуулахаар шийдсэн байгаа юм.  Хүүхдийн биеийн байдал маш хүнд нуруу нугас дөрвөн мөч нь байнгын таталттай байдаг. Зөвхөн шингэн зүйлээр хооллодог. Толгойгоо даах чадваргүй, нойр муутай, үргэлж нойрны эм, өвчин намдаах эм уудаг. Хоёр хүн байнга асардаг. Ээж нь байнга өргөж тэвэрч асарсаар нурууны суулт өвчтэй болсон. Ах нь гэр орны ажил, хүүхэд асрах ажилд туслахаар сургуулиас гарсан. Өвчиндөө шаналж буй хүүгээ хараад элэг эмтэрч байна. Эмч нарын хариуцлагагүй, чадваргүй байдлаас болж ийм байдалд хүрлээ. Цагдаа шүүх хариуцсан байгууллага нь арга хэмжээ аваагүй. Өнгөрсөн тавдугаар сарын 10-нд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гурван жилийн хугацаанд бүх эмчилгээний төлбөрийг бид өөрсдөө хариуцсан. Эмчилгээний мөнгө 2022 оны хоёрдугаар сарын байдлаар 25 сая 500 мянга болсон. Миний хүүтэй ижил оноштой хүмүүсийг БНСУ, Турк улсад эмчилдэг гэж дууллаа. Тиймээс буруутай хүмүүсээр эмчилгээний зардал гаргуулж, нэн яаралтай явах хэрэгтэй байна. Үүнийг олон нийт анхааралдаа аваасай гэж хүсч байна” гэлээ.
Хүүгийн авга ах Б.Мөнх-Эрдэнэ “ Хүүхдийн мэдээгүйжүүлэлтийн эмчилгээнээс үүдэн ийм сөрөг дагавар үүссэн гэдгийг олон эмч дүгнэсэн. 12 наснаас доош насны хүүхдэд ерөнхий унтуулга хийнэ гэдэг зөвлөмжтэй байхад аймгийн унтуулгын эмч П.Алтанзаяа хүүхдэд нугасаар мэдээ алдуулалт хийсэн байдаг. Мөн давхар унтуулга хийсэн учраас тархи нь маш хүнд өвдөх шалтгаан болсон. Хүүхдийн биеийн байдал ийм болсонд гомдолтой байна. Аймгийн цагдаа, прокурорт өргөдөл гомдол гаргасан ч эмнэлэг, эмч нарт арга хэмжээ аваагүй. Хариуцлагагүй эмнэлгийн эмч ажилчид ажлаа хийсээр л байна” гэлээ.
Бид энэ асуудлыг дэлгэрүүлэхээр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй холбогдох гэсэн боловч утсаа авсангүй. Тун удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. 

https://news.zindaa.mn/48ad
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn