Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх хүрээнд бодлогоо барьж, шаардлага тавина

629

Баянхонгорчууд 2021 онд уул уурхайн салбарынхнаас 9.1 тэрбум төгрөгийг аймагтаа төвлөрүүлж чадсан нь өмнөх жилийнхээс даруй 9 дахин өссөн үзүүлэлт. Тодруулбал, нутаг дэвсгэр дээр А лиценз эзэмшигч уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс 2019 онд 535 сая төгрөг, 2020 онд 1.2 тэрбум төгрөг аймаг, орон нутагт орж байжээ. Энэ бол Баянхонгор хотноо болсон “Уул уурхайн салбарын зөвлөгөөн"-ий үеэр Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Т.Хишигбаатарын мэдээлэлд дурьдагдсан тоо юм. Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулснаараа жил бүр болдог энэхүү зөвлөгөөн онцлог боллоо.

Улсын төсвийн 30 хувийг бүрдүүлж буй Эрдэс баялгийн салбар манай аймгийн хувьд ч эдийн засгийн өндөр ач холбогдолтойг дээр өгүүлсэн тоо баримт харуулна. Гэвч нөгөө талд нь тэд хууль тогтоомжийг хэр хэрэгжүүлдэг, ил тод бөгөөд хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх тухайд тулгамдсан асуудлууд олон бий. Энэ тухайгаа ярилцаж, гарц шийдлийг тодорхойлох зорилготой зөвлөгөөнд урилгаар А лиценз эзэмшигчид буюу ашиглалтын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл хүрэлцэн ирж,  Бичил уурхай эрхлэгчид өөрсдийн санал хүсэлтээр цуглажээ. Түүнчлэн аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан, сумдын Засаг дарга нарын бүрэлдэхүүн бүхий албаныхан болон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн төлөөлөл оролцов.

Аймаг орон нутгийн эдийн засагт оруулж буй мөнгө талаар Баянхонгор аймаг дахь Монгол банкны захирал Г.Олонбаяр, олборлосон алтаа сорьцын лабораторид хамтран ажиллах тухайд Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Г.Шагдарсүрэн нар мөн илтгэсэн. Түүнээс гадна “Бичил уурхай эрхлэгчдийн нэгдсэн дээвэр” ТББ-ын Цэцэгмаа, Өвөрхангай аймгийн ХАМОДХ-ны тэргүүн зэрэг 200 шахам хүн байсан нь эрдэс баялгийн салбарын үйл ажиллагаанд хамаарах талуудын оролцоог бүрэн хангасан гэхэд болно. Харин энэхүү зөвлөгөөнд Байгаль орчны яамны төлөөлөл хүрэлцэж ирсэн бол чухал байсныг хэлэлцүүлэгт санал, асуулга хэлсэн зарим оролцогч хэлж байлаа.
Энэ оны байдлаар Баянхонгор аймгийн газар нутагт ашиглалтын А лиценз эзэмшиж буй 97 аж ахуйн нэгж байгаагаас 15 нь үйл ажиллагаа явуулна. Засаг дарга Д.Мөнхсайхан тэдэнд хандаж байр сууриа илэрхийлэхдээ “Байгаль орчныг зохистой ашиглах буюу Хариуцлагатай, дахин хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх гэдэг хүрээнд л бодлогоо барьж, шаардлага тавих болно. Нэгэнт зохих шатны байгууллагаас хууль ёсны зөвшөөрлөө авсан аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулахад нь аймгийн зүгээс дарамт шахалт учруулахгүй гэдгээ нээлттэй хэлсэн байгаа. Тиймээс чиглэлийн байгууллагууд тус бүртээ шалгалт гэж олон очдог байдлыг зогсоож, үйл ажиллагаа эхлэх, явцын дунд хугацаанд, ажлаа зогсоох үед гээд гурван удаа л нэгдсэн шалгалт хийнэ гэж тогтсоныг та бүхэн мэднэ. Гэхдээ зүй бус үйл ажиллагаа эрхэлж буй тухай мэдээлэл ирвэл шалгана, арга хэмжээ авах нь мэдээж. Түүнчлэн Ашигт малтмалын хуулийн 42 дугаар зүйл болон бусад дүрэм, журмын хүрээнд та бүхнээс аймаг, орон нутагт дэмжлэг, хөрөнгө оруулалт хийлгэх тал дээр 2021 оныхоос бууруулахгүй, ахиулж хамтран ажиллахыг зорьж байгаа” гэсэн юм.

Зөвлөгөөнд оролцогчид өөр өөрийн байр сууриа нээлттэй илэрхийлж байв. "Ашиглалтын лиценз эзэмшигчдийн тухайд Баянхонгор аймагт үйл ажиллагаа эрхлэхэд тулгардаг асуудлын нэг нь тухайн сумын Засаг дарга нар холбогдох хуулинд хүлээсэн үүргээ биелүүлэхээс цааргалж, иргэдийн хэл аманд өртөхгүй байх үүднээс Менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй удаадаг, гацаадаг байдал даамжирч байна. Үүнээс шалтгаалан улирлын чанартай ажилд цаг хугацаа алдаж хөрөнгө мөнгө үр дүнгүй урсаж байгаа"-г анхаарахыг хүслээ. "Ачааны хүндийг үүрч адлуулж байгаа хэдий ч уул уурхайн салбар хөгжиж, өөрчлөгдсөөр байгаа. Байгаль орчныг нөхөн сэргээх зэргээр хариуцлагатай уул уурхайн хөгжилд хувь нэмрээ оруулж ажиллахыг дор бүрнээ хичээх болсон. Гэтэл тухайн орон нутагт хэн нь шийдвэр гаргагч гэдгийг мэдэхээ болих хэмжээнд хүртэл гажуудал үүсэх явдал цөөнгүй байна. Багийн Засаг дарга, Сумын засаг дарга, малчин гээд бүгд л тус бүрийн эрх ашиг ярьдаг" гэдгийг мөн хэлж байв. 

Бичил уурхай эрхлэгчдийн нөхөрлөл, ХАМОДХ-ны төлөөллүүд аймгийн зүгээс үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч магад гэсэн  “горьдлого”, найдвар тээсээр зөвлөгөөний танхимд ирсэн нь тодорхой байлаа. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 355 дугаар тогтоолын 1.1-т “Бичил уурхай эрхлэгч этгээдэд тавигдах шаардлагыг хангахгүй болсон, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдийн гэрээг цуцлах, бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох, дүгнэлт гарсан талбайд бичил уурхай эрхлэх гэрээг шинээр байгуулахгүй байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт”, 1.6-т Бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлтийг 2019 оныг дуустал хугацаанд гаргахгүй байхыг Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус даалгасан байдаг аж. Энэхүү 355 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн институци хоорондын нэгдсэн бус ойлголт, чиглэлийн байгууллагууд өөрсдийн үзэмжээр тайлбарлаж хэрэгжүүлдэгээс Бичил уурхай эрхлэгчдийг үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болгосон. Нөгөө талаас Монгол улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоол буюу “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” хүчинтэй байгаа тохиолдолд хориглох ёсгүй гэдэг байр суурийг тэд илэрхийлж байгаа юм.

Бичил уурхай тойрсон хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын 355 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг шаардсан албан бичгийг дээд газраас удаа дараа ирүүлсэн, сумын Засаг дарга нар нөхөрлөлүүдтэй байгуулсан гэрээгээ цуцалсан, аймгийн хэмжээнд гэрээ цуцлагдаагүй нэг л нөхөрлөл байгаа гэдгийг аймгийн Мэргэжлийн хяналтын газар тодруулсан. Манай аймгийн эдийн засагт ялангуяа бэлэн мөнгөний урсгалд бичил уурхайчдын оруулдаг хувь нэмэр өндөр. Тэдний үйл ажиллагаа зогссон нь зах худалдааны төв, бараа эргэлтийн орлого буурахад шууд нөлөөтэй байдаг. Тиймээс богино хугацааны бодлогын хүрээнд ойрын хоёр жилдээ бичил уурхайчдаа дэмжиж, хамтран ажиллах шаардлагатайг албаныхан хэлсэн. "Аймгийн зүгээс та бүхний үйл ажиллагааг бодлогоор хааж боож хорихгүй. Гэвч эх дэлхий, эх байгаль орчноо хайрлаж хамгаалах бодлогоо ямагт тэргүүнд тавьж, энэ хүрээнд хамтран ажиллана гэдгээ хэлье. Та бүхний хөндөж байгаачлан Засгийн газрын 151, 355 дугаар тогтоолыг эргэж харах, салбарын холбогдох хууль, журам шинэчлэн батлагдах хүртэлх хугацааг хүлээлгэлгүйгээр Бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагааг зөвшөөрөх шийдвэрийг яаралтай гаргаж өгнө үү гэдэг байдлаар энэхүү зөвлөгөөнөөс уриалга гаргаж, хүргүүлье" гэдэг саналыг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан дэвшүүлэв.

Бүтэн өдрийн турш үргэлжилсэн зөвлөгөөнд хэлэлцэж тогтсон асуудлаар  агуулга бүхий Уриалга гаргаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд илгээхээр тогтсон юм. Баянхонгор аймаг дахь уул уурхайн салбарынхан "Байгаль орчныг хэрхэн сэргээж болдгийг харуулж, мод тарих, Ажлын байрыг шинээр нэмэх, Аймгаас авч ажиллуулж байгаа  ажилтнуудаа дэмжиж, 3-4 иргэнийг өөрийн гэсэн орон байртай болоход нь дэмжиж ипотекийн зээлийн урьдчилгааг өгөх, Уул уурхайн салбарын асуудлыг ард иргэдийнхээ дунд ил тод нээлттэй ярьж, мэдээлэн, тухайн газар орон нутагт нь очиж иргэдтэйгээ болох, болохгүй байгааг нээлттэй уулзаж ярилцаж байхад нэгдлээ. Гол нь шударга байдал, хариуцлагын дор нэгдэхээ илэрхийлэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn