АТГ энэ онд 96 тэрбумын хохирлыг нөхөн төлүүлжээ

420

Нийгмийн идээ бээр, улс орны хөгжил дэвшлийн чөдөр тушаа болдог зүйл бол авлига. Тэгвэл авлигын эсрэг ард иргэдээ соён гэгээрүүлж, авлигыг цэцэглүүлж буй гэмт этгээдүүдтэй тууштай тэмцэж буй АТГ-аас өчигдөр “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021" арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
НҮБ-аас зарласан “Авлигын эсрэг олон улсын өдөр”-ийг угтан зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээ нь танхим дүүрэн төлөөлөгчдийн ажил хэрэгч санал, арга зүйн зөвлөгөө мэдээлэл дунд өрнөсөн юм. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нд болдог “Авлигын эсрэг олон улсын өдөр”-ийг өнөө жил дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо, Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж. Үндэсний чуулганы хүрээнд дөрвөн салбар хэлэлцүүлэг боллоо.
 
Тодруулбал, авлигатай тэмцэх эрх зүйн орчин, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа, авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоо, төрийн албаны шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд анхаарах асуудал, хувийн хэвшил ба шударга өрсөлдөөн зэрэг сэдэв дор зохион байгуулагдав. Авлигын асуудлаар нийгмийн оролцогч талууд өнөөгийн нөхцөлд тулгамдсан асуудлуудаа ярилцаж, нэгдсэн шийдэл, бодит үр дүнд хүрэхийг зорьж буй.
Үүний тулд бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын хүсэл зоригийг сонсох, судлаач эрдэмтдийн санал дүгнэлтийг хэлэлцэх, олон улсын тавцанд үндэсний үүрэг хариуцлагаа харуулах түүхэн бололцоог энэхүү үндэсний чуулган олгож байгаагаараа онцлог болохыг зохион байгуулагчдын зүгээс хэлж байв. Тус чуулганд АТГ-ын удирдлага, хамт олон,  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид, “Глоб интернэншл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал тэргүүтэй төлөөлөгчид болон олон улсын судалгааны байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийн салбарынхан оролцлоо.

З.Дашдаваа: Монгол Улсад авлига халдварт өвчин шиг бугшсан байна
Үндэсний чуулганыг нээж  Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа хэлсэн үгэндээ “Аливаа улс орны хөгжлийг сааруулагч олон хүчин зүйлийн нэг нь авлига. Монгол Улсын хувьд ч авлига халдварт өвчин шиг бугшсан байна. Авлига бол албан тушаалаа урвуулан ашиглах, үндэслэлгүй хөрөнгөжих төдий асуудал биш. Энэ нь зэвсгийн наймаа, засаглалын эсрэг, хууль бус хил дамнасан наймаа зэргийн санхүүжилт болдог. Авлигад алдаж буй мөнгийг эрүүл мэнд, боловсролд зарцуулсан бол олон орны хөгжилд сайнаар нөлөөлөх байсан. Авлигын хэрэгтэй нэг улс дангаар бус хамтын хүчээр тэмцэх нь үр дүнтэй. НҮБ-ын Авлигын конвенцид манай улс 2005 оноос нэгдэж орсон.
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигатай тэмцэх өдөр болгон зарласан. Уг өдөр НҮБ-ын конвенцид нэгдсэн улс орнууд авлигын гэмт хэргийг таниулах үүрэгтэй. Авлигатай тэмцэх үйлсэд улс орны иргэн бүрийн оролцоо чухал.  АТГ 2007-2016 онд жилд дунджаар 200 орчим хэрэг шалгаж байсан бол сүүлийн гурван жилд 1500 гаруй хэргийг илрүүлэн шалгаж байна. Мөн авлигын хохирлыг нөхөн төлүүлэх тал дээр 2020 онд 35,6 тэрбум, 2021 онд 96 тэрбум төгрөгийг тус, тус  төлүүлээд байна. Мөн хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийх шаардлагатай. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтны халдашгүй дархан байдалтай холбоотой хуулийн зохицуулалтыг эргэж харах, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд халдашгүй байдлын зохицуулалт үйлчлэхгүй байх хэмжээнд хүртэл холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага тулгарлаа. Мөн авлигын гэмт хэргийг тодорхойлсон байдлыг нарийн тодорхой болгох, оногдуулж байгаа ял шийтгэлийн хэлбэр, хэмжээг чангатгах, хөөн хэлэлцэх хугацааг уртасгах зэрэг тохируулга заавал хэрэгтэй” гэлээ.

Л.Оюун-Эрдэнэ: Авлигатай тэмцэхэд эрэн сурвалжлах сэтгүүлзүйг дэмжих хэрэгтэй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021”-д оролцож, үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын хөгжилд хамгийн их саад болж буй зургаан хүчин зүйлийн нэг нь авлига. Авлигыг бууруулахын тулд төрийн албыг цахимжуулах явдал чухал байна. Би Ерөнхий сайдын хувьд цахим шилжилтийг бүх талаас нь дэмжинэ. Цаашид төрийн худалдан авалтыг цахимжуулна. Шалгуур хангасан компани автоматаар сонгогддог системд шилжүүлнэ. Аль асуудал хамгийн хүнд байна түүнийг цахимжуулаад явуулъя. Шүүх хэнээс ч хараат бус гэж итгэсэн тохиолдолд гадныхан хөрөнгө оруулна. Тиймээс бид хөрөнгөө оруул гэж гуйж уриалахаас илүү шүүх шударга, хараат бус гэдгийг баталж чаддаг байх нь чухал.
Тендерийн хуулиа шүүхийн хуультай уялдуулах, хөрөнгө орлогын мэдүүлгийг татварын системтэйгээ уялдуулах шаардлагатай гэж үзэж байна. Өдгөө 1000 гаруй тусгай зөвшөөрлийг төр олгож байна. Тусгай зөвшөөрөл бүрийн ард гарын үсэг байна. Гарын үсэг бүрийн ард албан тушаалтан байна. Албан тушаалтнуудад ашиг сонирхол байна.
Тиймээс  зөвшөөрлийг цахимжуулах шаардлагатай байна Төрийн хяналт шалгалтад төлөвлөгөөт хяналт шалгалтын тоог багасгах хэрэгтэй. Аль нэг улсын байцаагчийг хоолонд оруулахгүй бол тэр ресторан үйл ажиллагаа явуулж чаддаггүй. Энэ бол үнэн. Төрийн албан  хаагч, албан тушаалтнууд цалингаасаа хэд дахин илүү бэлэг, шан харамж авдаг үзэгдэл байсаар байна. Үүнийг байдаг л зүйл мэт хүлээж авах нь авлигыг таслан зогсооход хамгийн том саад болж байна. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйг дэмжих хэрэгтэй. Авлигатай  холбоотой баримттай мэдээллийг ил болгож тавьдаг байхад анхаарах хэрэгтэй. Сэтгүүлзүй хөгжиж, дүгнэлттэй байх  тусам хяналт бий болно” гэв.

З.Баасанням: Авлигын хэрэгт нөлөө бүхий хүмүүс холбогддог учраас  шийдвэрлэхэд хугацаа их шаардагддаг
Авлигын гэмт хэргийг илрүүлэх нь чухал. Хамгийн гол нь гэмт этгээдийн хэргийг хэрхэн шийдвэрлэх, ялын ямар бодлого баримтлах талаар хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийх шаардлагатайг шүүгч, прокурор, мөрдөн байцаагчид нэгэн дуугаар дэмжиж байлаа.
Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмын талаар АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямаас тодруулахад, "Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зөв зүйтэй зохицуулалт. Гэхдээ Монголын Эрүүгийн хуульд төгс зохицоогүй зүйл, заалтууд бий.
Нэгдүгээрт: ямар гэмт хэргийг хялбаршуулах, ямарыг нь хялбаршуулахгүй байх вэ гэдэг хязгаарыг тавиагүй.
Хоёрдугаарт: нийгэмд учруулсан хохирлоо 100 хувь төлөөд гэм буруугаа, хариуцлагаа хүлээж байгаа тохиолдолд энэ журмыг үгүйсгэж болохгүй.  Уг хуулийн заалтыг зөвхөн авлига албан тушаалын хэрэг дээр ашиглаад байна уу гэвэл үгүй.
Эрүүгийн хуульд заасан эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, өмчлөх эрхийн эсрэг, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг ихэвчлэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байна. Авлигын хэрэгт нөлөө бүхий хүмүүс холбогддог учраас шийдвэрлэхэд хугацаа их шаардагддаг. Гурван шатны шүүхээр яваад хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болдог. Харин хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд хэрэг мөрдөн байцаалтад 14 хонож, прокурор 72 цагийн хугацаанд хянаад ажлын тав хоногт шүүх шийдвэрлэнэ.  Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх нь хэрэг шалгах хугацааг багасгаж байгаа юм.
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж авлигын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүйгээр  ялыг чангатгах зохицуулалт хийх боломжтой” гэлээ. Прокурорын байгууллагаас 2020 онд 5117 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна. Үүнээс шүүх 4678 хэргийг буюу 91,4 хувийг шийдвэрлэсэн бол энэ оны эхний таван сарын байдлаар 1892 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Үүнээс 475 буюу 78 хувийг хэлэлцэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оноосон байна.

Ч.Жаргалбаатар: Ялын бодлого оновчтой байх нь авлигын гэмт хэрэгтэй тэмцэх ажилд үр дүн авчирна
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах ажилтан Ч.Жаргалбаатараас авлигын хэрэгт оногдуулж буй ялын бодлогын талаар байр суурийг нь сонслоо. Тэрбээр “Авлигын гэмт хэрэгт оногдуулж байгаа ял шийтгэлийн хувьд хэтэрхий хөнгөн байна гэдэг шүүмж явдаг. Онол, арга зүй талаасаа аваад үзвэл хөнгөн байгаа нь үнэн. Яагаад гэвэл, иргэдийн нийгэмд учруулж байгаа хохирол, аж ахуй нэгжийн учруулж буй хохирол, нийтийн албанд учруулж байгаа хохирлын нийгмийн хор аюул нь ойролцоо байхад хүлээлгэж байгаа ял нь харьцангуй байна.
Тодруулбал, иргэн 15-20 жил хүртэл, аж ахуй нэгжийн албан тушаалтан 10 жил хүртэл, харин албан тушаалаа ашиглаж хөрөнгө мөнгө завшсан тохиолдолд таван жилийн ял оноож байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байгаа юм. Эрүүгийн хууль дахь ялын энэ бодлогыг эргэн харах, мөн хэргийг хөөн хэлэлцэх хугацааг оновчтой тодорхойлох асуудал яригдах ёстой. Ялын бодлого оновчтой байх нь авлигын гэмт хэрэгтэй тэмцэх ажилд тодорхой үр дүн авчрах учиртай.
 
Энгийнээр жишээлж хэлбэл, хүн ханиад хүрээд эдгэртлээ хэсэг хугацаанд завсарлаж байгаад ажилдаа ордог шиг албан тушаалтнууд авлигын хэргээр ял сонсоод  хэсэг  хугацааны дараа дахиад төрийн бус байгууллага, эсвэл төрийн өмчит үйлдвэрийн  газрын дарга болчихоод байгаа юм. Энэ нь ялын бодлого оновчгүй, сул байгааг илтгэж буй хэрэг. Иймээс хууль  эрх зүйн орчны боловсронгуй шинэчлэлийг хийх шаардлагатай” гэдгийг онцоллоо.


М.Чинбат: Он гарсаар прокурорын байгууллага авлигын 1064 хэрэгт хяналт тавиад байна.
Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат авлигатай тэмцэх эрх зүйн орчин, хуулийн байгууллагын хамтын ажиллагаа, тулгамдаж буй талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Манай улс 2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталж, хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгоход тууштай ажиллаж байна. Гэвч олон улсын “Транспарэнси интернэшнл” төрийн бус байгууллагаас гаргадаг Авлигын төсөөллийн индексийн 2020 оны дүнгээр Монгол Улс 35 оноогоор 180 улсаас 111 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Энэ нь өмнөх оноосоо зургаан байраар ухарсан үзүүлэлт  болж, авлигаараа бүсийн орнуудаас тэргүүлж байгаа нь анхаарах асуудлын нэг болоод байна.
Прокурорын байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах талаар хуулиар  хүлээсэн үндсэн чиг үүргийн хүрээнд хэрэг мөрдөх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж,  шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцон, хүний эрх, эрх чөлөө, төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээхэд хяналтаа чиглүүлэн ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд авлигын гэмт хэргийг  шалгахад гарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замыг тухай бүр тодорхойлон ажиллаж ирлээ. Прокурорын байгууллага 2019 онд улсын хэмжээнд авлигын 1042 гэмт хэрэгт хяналт тавьж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас  228 хэргийн 48.1 хувийг,  2020 онд 1110 хэрэгт хяналт тавьж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 337 хэргийн 52.2 хувийг, 2021 оны арванэгдүгээр сарын байдлаар 1064 хэрэгт хяналт тавьж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 340 хэргийн 47 хувийг тус, тус шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлжээ” гэв.
Ч.Хосбаяр: Улсын Дээд шүүх дээр сүүлийн гурван жилийн хугацаанд авлигын 55 хэрэг ирсэн
Шүүхэд авлигын гэмт хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой тулгарч буй асуудлын талаар Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр санал бодлоо хуваалцлаа. Тэрбээр “Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимаас 2021 оны аравдугаар сард нэгэн судалгаа хийсэн юм. АТГ-аас манайд шилжүүлсэн хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн  талаар сүүлийн гурван жилийн дүн мэдээнд тулгуурлаж хийсэн дээрх судалгаагаар энэ хугацаанд нийт 55 хэрэг ирсэн байна. Үүний 66 хувь нь Улсын Дээд шүүхэд ирээд ял шийтгэл хүлээгдээд явсан байна.
Харин 17 орчим хувь нь анхан болон  давж заалдах шатны шүүхүүдэд буцаагджээ. Мөн энэ дунд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан цөөхөн хэдэн хэрэг хэрэгсэхгүй болжээ. Мөн сүүлийн гурван жилийн хугацаанд  шилжүүлсэн болон шийдвэрлэгдсэн хэргийн тоо аль, аль өссөн дүнтэй гарчээ” гэв.

Б.Солонгоо: Авлигатай тэмцэхэд олон талын хамтын ажиллагаа чухал
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо тус чуулганд үндсэн илтгэгчээр оролцсон юм. Түүний тавьсан илтгэлээс онцлох хэсгүүдээс нь хүргэж байна. Тэрбээр  “Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид дурдсан байдаг. Авлигатай тэмцэнэ гэдэг  бол олон талт хамтын ажиллагааг хангасан ажил байх шаардлагатай. Энэ тал дээр цогц арга хэмжээг Засгийн газар, Хуульзүй, дотоод хэргийн  яам онцгой анхаарна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 120 тоот захирамжаар Авлигын төсөөллийн индексийг бууруулах зорилго  бүхий ажлын хэсгийг байгуулаад ажиллаж байна.
Ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд даргаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ажиллаж байгаа. Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс Нийтийн мэдээллийн тухай хууль, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, Цахим гарын үсэгний тухай хуулийн шинэчлэлийг хийхээр ажиллаж байна. Эдгээр хууль шинэчлэгдсэнээр авлигатай тэмцэх асуудалд ахиц гарна гэж төлөвлөж байгаа. Улмаар цахим шилжилтэд түлхэц болох чухал хууль эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн “Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай” хуульд онцгой анхаарч байна” гэв.
Авлигын эсрэг үндэсний чуулганд оролцож буй төлөөлөгчид төрийн албаны авлигыг зогсооход цахим шилжилт чухал шаардлагатай гэдгийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байлаа. Үүнийг гэрчлэх хамгийн хамгийн тод жишээг ч дурдаж байв. Тодруулбал, төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нд олон нийтэд танилцуулагдсан цагаас хойш жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд төрийн 57 байгууллагын 571 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia” системд нэгтгээд байгаа аж. Улмаар 4,9 сая удаагийн төрийн үйлчилгээг амжилттай үзүүлж, төлбөртэй үйлчилгээнээс 4,8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байгаа юм байна.
Систем нэвтэрснээр Монгол Улсын иргэн төрийн үйлчилгээ авахдаа үйлчилгээ үзүүлэгч байгууллага руу ирж, буцах унааны зардал, хугацаанаас үүдэлтэй зардал, төрийн үйлчилгээ авахад шаардагдах баримт бичиг бүрдүүлэх зардал зэрэгт нийт 52,8 тэрбум төгрөг хэмнэжээ. “e-Mongolia” системээс өнөөдрийн байдлаар  хоёр сая гаруй иргэн давхардсан тоогоор зургаан сая гаруй үйлчилгээг цахимаар авчээ.  Ийнхүү “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” арга хэмжээнд оролцогчид авлигаас ангид байх олон санал санаачилгыг өвөртөлж, өөр өөрсдийн салбартаа хэрэгжүүлэх их зорилго дор нэгдлээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn