Айсуй сонгууль хийгээд Ерөнхийлөгчийн өршөөл

589

Ерөнхийлөгчөөс хамаарах төрийн бүх тушаал, шийдвэр сонгууль угтсан ажиллагаа болон хувирч байгааг хаа хаанаа анзаарч байгаа байх. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрөгч Наурызын баярыг тохиолдуулан зурагт, зуух, гар утас хулгайлсан гэх мэт анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий казах иргэдэд уучлал үзүүллээ. Гэтэл энэ мэт хөнгөн гэмт хэрэгтнүүдийн дунд УИХ-ын гишүүний бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас 950 сая төгрөг авсан гэх үндэслэлээр гурван жилийн хорих ял аваад байсан гишүүн асан Г.Солтан багтсан байна.
Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд уучлал өршөөл үзүүлэх эрх нь Ерөнхийлөгчид хадгалагдаж байна. Нөгөө талаар анх удаа болон болгоомж байдлаас үүдэн, алдаж оносон иргэддээ уучлал үзүүлж байгаа нь сайн хэрэг.
Хамгийн гол нь дээр дурдсанчлан түүний бүх тушаал, шийдвэр ямар нэгэн байдлаар сонгууль угтсан зүйл болон хувирч байгаа нь хэтийдсэн хэрэг юм.
Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, улсаас 950 сая төгрөг завшсан гурван жилийн хорих ялтай нөхөр, гар утас, зурагт гэх мэт хэдэн зуухан мянган төгрөгөөр үнэлэгдэх эд зүйлс хулгайлсан эмэгтэйчүүд хоёрын дунд асар их зөрүү бий...
Хэргийг тодотговол, УИХ-ын гишүүн асан Г.Солтан нь өнгөрөгч онд “Монгол шаазан” компанид “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл авахын тулд УИХ-ын гишүүн бөгөөд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн, 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан хэргээр гурван жилийн ял аван хоригдож байсан юм. Ерөнхийлөгчийн өршөөл үзүүлж байгааг таашааж болох ч Ерөнхийлөгчийн сонгууль угтан, Үндсэн хуулиа ч зөрчиж, эрх мэдлийн давуу байдлаа өөрт ашигтайгаар эргүүлэхийн тулд өршөөх аргагүй ялыг ч уучилсан гэх үндэслэл, хардлага байна.
Юуны өмнө МАН-ын данстай УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг хөнгөн гэмт хэрэгтнүүдтэй хамтатган сулласан нь цаанаа учиртай гэдгийг эх сурвалж дуулгалаа. Учир нь Баян-Өлгий аймаг, казак үндэстний дунд томд тооцогдох удам омгийн Г.Солтан нь нөлөө бүхий нөхөр учраас Ерөнхийлөгчийн сонгуулиар түүний нөлөөг орон нутагт ашиглах гэсэн бололтой. Монгол Улсын хэмжээнд сонгогчдын тоогоор тэргүүлэгчдийн тоонд багтах Баян-Өлгий аймаг бол цагийн цагт МАН-аас нэр дэвшигчдийг дэмжиж ирсэн түүхтэй. Алс хязгаар учраас зарим хэсгийн хороодын саналыг будилуулж удаадаг байдал олон удаа давтагдаж байсан онцлогтой.
Тиймээс нэг ч гэсэн аймагт саналын давуу байдал эдлэх зорилго дор энэ шийдвэрт нуугдаж байсан байхыг үгүйсгэх арга алга. Г.Солтаны хувьд ч 60 насны босго давж, төрийн албанд таван жил ажиллах эрхээ хасуулсан хүн чимээгүй байдлыг илүүд үзэх нь ойлгомжтой. Тэгээд ч нам бүлэг гэж туйлшрах шаардлагагүй болсон биз. Хорихоос нэг ч гэсэн өдрийн өмнө сулласан хүндээ үйлчлэхэд бэлэн байж таарна. Тэгээд ч эрх баригч намаас олон арван хүн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан ч ял зэмгүй үлдсэн нь цөөнгүй учраас нам намайг хамгаалсангүй гэх гомдол ч түүнд байгаа. Ингэхээр Ерөнхийлөгч Х.Баттулгын энэхүү шийдвэрт ашиг сонирхлын зөрчил байгаа гэж хардахаас өөр аргагүй.
Мөнхүү “Ерөнхийлөгч нь яс үндэс шашин соёлоор ялгаварлан үзэхгүй” гэх Үндсэн хуулийн заалтыг ч зөрчсөн гэх үндэслэл бий. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч нь ийнхүү үндэстний баяр тохиолдуулан яс үндэс заан өршөөл үзүүлэх хэрэг байсан уу. Учир нь үндэстний эв нэгдлийг илэрхийлэгч, ард түмний эв нэгдлийн билгэ тэмдэг болсон Ерөнхийлөгч нь түмний дунд талцал үүсгэх хандлага ч гарч болохуйц шийдвэр байж болзошгүй хэмээн судлаачид тайлбарлаж байна. Тэрээр Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр буюу гуравдугаар сарын 08-ны өдрийг тохиолдуулан зарим эмэгтэйчүүдэд өршөөл үзүүлсэн бол Наурызын баярын өдрийг тохиолдуулан зарим казак эмэгтэйчүүдэд өршөөл үзүүлсэн юм. Уг нь зүй ёсоор бол гуравдугаар сарын 08-ны өдөр казак монгол гэж ялгахгүй өршөөл үзүүлэх нь харшлахгүй зүйл байв. Ингэхдээ казах түмний дунд нөлөө бүхий УИХ-ын гишүүн асныг суллаж байгаа нь хардлага дагуулах нэгэн том үндэслэл болжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn