“Улбар шар түвшин”-нд шилжсэн аймгууд

623
 
Өчигдрийн  байдлаар манай улсын хэмжээнд шинээр 218 хүний шинжилгээнд  халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 5610 болсон. Тодруулбал, шинээр батлагдсан тохиолдлуудын  176 нь Улаанбаатар хотод, 42 нь орон нутагт бүртгэгдсэн юм. Ингэснээр Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт халдвар 4650 болсон бол орон нутаг 424 болжээ. Тухайлбал,
  • Сэлэнгэ аймагт 
  • Дархан-Уул аймагт 
  • Орхон аймагт 
  • Завхан аймагт 
  • Увс аймагт 
  • Өвөрхангай аймагт
  • Дорноговь аймагт 
  • Говьсүмбэр аймагт 
  • Архангай аймагт 
  • Төв аймагт 
  • Баянхонгор
  • Хөвсгөл аймагт  тус тус халдвар бүртгэгдээд байгаа юм.
“Сэмжид Хужирт”-ын ойрын хавьтал 27 хүнээс халдвар илэрчээ 
Өвөрхангай Хужирт сумын “Сэмжид Хужирт” рашаан сувилалд бүртгэгдсэн тохиолдлын ойрын болон дам хавьтлын 166 иргэний PCR шинжилгээний сорьцыг ЗӨСҮТ-ийн лабораторт шинжлүүлэхэд 27 тохиолдол батлагджээ. Эдгээр батлагдсан тохиолдлоос Сэмжид-Хужирт сувилалд 23, Хархорин суманд 4 тохиолдол бүртгэгдсэн байна.
 
Мөн тус сувилалд амраад Арвайхээр суманд ирсэн 2 иргэний орон нутагт хийсэн PCR шинжилгээний хариу эхний байдлаар эерэг гарсныг дахин баталгаажуулахаар ХӨСҮТ-рүү явуулжээ. Хариу арга хэмжээний талаар аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдаанаар хэлэлцэж, халдварыг богино хугацаанд хумих, хавьтлуудыг шуурхай илрүүлэх зорилгоор батлагдсан тохиолдуудыг тусгаарлан эмчлэх болон тархвар судлалын үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.
 
Энэ хүрээнд Хужирт суманд ХӨСҮТ, аймгийн БОЭТ-өөс мэргэжлийн багуудыг ажиллуулах, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна.
 
Сэлэнгэ аймагт халдварын голомттой газраас ирэх хөдөлгөөнд хязгаарлалт тогтоолоо 
Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын гуравдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт халдварын голомт бүхий орон нутгаас ирэх иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 03 дугаар сарын 26-ны өдрийн 06:00 цаг хүртэл хязгаарлалт тогтоохоор болжээ. Мөн  сумдын Онцгой комисс халдварын голомт бүртгэгдсэн бүс нутгаас ирэх Сэлэнгэ аймагт оршин суух байнгын бүртгэлтэй иргэдээ коронавируст халдварын PCR-ын шинжилгээний 72 цагийн хүчинтэй хариуг үндэслэн нэвтрүүлэх ба нэвтрэх үед нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээг авч, гэр бүлийн гишүүдийн хамт гэрийн ажиглалтад 7 хоног тусгаарлан ажиглах дэглэмийг мөрдүүлэхээр болов.
 
Сумдын орох гарах чиглэлийн хяналтын цэгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, бэлэн байдлыг хангаж, хяналт, шалгалтыг чангатгах, эрүүл бүс нутгаас болон аймаг дотроо зорчиж буй иргэдийг эрүүл мэндийн асуумж, нэвтрэх зөвшөөрлийг үндэслэн, бүртгэл судалгаа хийж нэвтрүүлэх, түүнд хяналт тавьж ажиллахыг сумдын Онцгой комисст даалгасан байна.
 
Баянхонгор аймагт халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ 
-Өвөрхангай аймагт Короновирусын халдвар бүртгэгдэж улмаар Хужирт сумын амралтын газар амарсан 20 иргэн Баянхонгор аймагт нэвтэрсэн бөгөөд тухайн иргэдийн дунд  тусгаарласан.  Дээрх иргэдийн шинжилгээний хариу гарч дуусталх хугацаанд иргэдийн аймаг доторх хөдөлгөөнийг бүртгэх, хянах үүднээс аймгаас сум, сумаас сум хооронд тухайн сумын Онцгой комиссын нэвтрэх бичгээр зорчих хөдөлгөөний эрхийг олгохоор аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэлээ. 
 
Тэгвэл өчигдөр 14:00 цагт шинжилгээний хариу гарч "Сэмжид Хужирт" сувилалд амарсан нэг иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж тус  аймаг улбар шар түвшин рүү шилжлээ. Ингэснээр тус аймгийн төвийн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Мөн төрийн болон үйлчилгээний байгууллагуудыг тусгай цагийн горимд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
 
Дархан-Уул аймаг халдваргүй бүсээс ирж байгаа иргэдийг нэвтрүүлнэ 
-Өвөрхангай Хужирт сумын “Сэмжид Хужирт” сувиллын газраас үүсэлтэй 17 тохиолдол Дархан-Уул аймагт бүртгэгдсэн. Иймд тус аймгийн Онцгой комисс хуралдаж халдварын “Шар түвшин”-д шилжүүлж 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 08:00 цагаас эхлэн дараах үйл ажиллагааг түр хугацаагаар хязргаарлахаар болжээ. Халдварын тархалтыг бууруулах зорилгоор: 
 
-Иргэдэд үйлчилдэг бүх шатны төрийн байгууллагын үйл ажиллагааг бүрэн хязгаарлана /2021.03.24-ний өглөөний 08:00 цагаас тодорхойгүй хугацаагаар/
 
-Төрийн болон хувийн хэвшлийн ЕБС, СӨБ-ын үйл ажиллагааг хязгаарлана. /2021.03.24-ний өглөөний 08:00 цагаас тодорхойгүй хугацаагаар/
 
-Шарын гол, Орхон, Хонгор сумдын орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана
 
-Дархан-Уул аймгаас гарах иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлана. Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд холбогдох бичиг баримтыг үндэслэн Түр зөвшөөрлөөр гарна. Хүндэтгэн үзэх шалтгаанд: Эрүүл мэнд, ар гэрийн гачигдал, өвс тэжээл, албан томилолт багтаж байна.
 
-Дархан-Уул аймгийн иргэд бусад аймаг орон нутгаас ирэхдээ тухайн аймгийн Онцгой комиссын бичигтэй ирнэ.
 
-Олон нийтийг хамарсан хурал цуглаан, баяр ёслол, хүлээн авалт зохион байгуулахгүй
 
-Хүүхдийн тоглоомын төв, цахим тоглоомын газар ажиллахгүй
 
-Бүх төрлийн үйлчилгээний газрууд 0-18 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй
 
-Диско баар, караоке хязгаарлахаар боллоо.
 
Улиастай суманд хөл хорио тогтоолоо
 
-Биeийн тамир, спортын улсын хорооны томилолтоор УБ хотоос Баянхонгор аймгаар дамжин 3 сарын 23-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд ирсэн 5 иргэнээс 3 иргэний түргэвчилсэн оношлуурын хариу "Тод эeрэг" гарчээ. Тухайн иргэд нь өчигдөр "Завхан" буудалд байрласан бөгөөд "Загасан нүд" рeсторан, Усан бассейны саун, караокeд орсон байна.
 
Дээрх иргэдийн хавьтлыг тогтоох зорилгоор Улиастай суманд 2021 оны 3 сарын 24-ний өдрийн 14:00 цагаас эхлэн хөл хорио тогтоож, орох гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Мөн хавьтлуудыг тогтоож, шинжилгээний хариу гартал Улиастай сумын сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэлээ.
 
Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид Хужирт” сувилалд амраад ирсэн Тосонцэнгэл сумын нэг хүний PCR шинжилгээний хариу өнөөдөр ЭEРЭГ гарсан тул аймгаас ажлын хэсэг, шуурхай арга хэмжээний баг газар дээр нь ажиллахаар хөдөлсөн байна.
 
Орхон аймагт эх үүсвэр нь тодорхойгүй халдвар бүртгэгдлээ 
Орхон аймагт коронавирусийн халдвар илэрсэн талаар тус аймгийн Шуурхай штабаас мэдээллээ. Тухайлбал, Өчигдөр өглөө 11:30 цагт Бүсийн оношилгоо эмчилгээний төвд сэжигтэй тохиолдол илэрсэн. Иймд аймгийн тандалт судалгаа хариу арга хэмжээний баг ажиллаж PCR шинжилгээ хийхэд 16:20 цагт иргэн "Г"-ийн шинжилгээнд халдвар илэрлээ. Тухайн хүн нь "Энэрэл төв"-д ажилладаг бөгөөд ойрын хавьтлуудаас нь шинжилгээ авч байна. Батлагдсан тохиолдлын голомт тодорхойгүй учир аймгийн онцгой комиссын хуралдаанаар халдварын "Улбар шар түвшин"-нд шилжүүлсэн байна. 
 
Архангай аймагт эмнэлгийн ажилтнууд халдвар авлаа 
Архангай аймагт дөрвөн тохиолдол батлагдаж Эрдэнэбулган, Булган, Цэнхэр, Хашаат, Хангай, Тариат сумдад тодорхойгүй хугацаагаар хөл хорионы дэглэм тогтоож, гарах хөдөлгөөнийг хаалаа.
Батлагдсан дөрвөн тохиолдлын хоёр нь Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн ирсэн томилолтын багийн хоёр ажилтан бөгөөд үлдсэн хоёр аймгийн Нэгдсэн эмнэлгийн хоёр ажилтан юм. Эрүүл мэндийн сайдын тушаалаар эмнэлгийн байгууллагын нийт албан хаагчдаас 7 хоног бүр вирусийн шинжилгээг нэгдсэн журмаар авдаг бөгөөд өчигдөр ийнхүү хоёр ажилтнаас илэрчээ. 


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn