А.С.Гатапов: Чингис хаан гэж хүн байгаагүй бол дэлхийн түүх хаашаа чиглэх байсныг мэдэхгүй

19

“Хэрэв зээ би Монголын болон Чингис хааныхаа түүхийг худлаа болон буруу бичвэл тэнгэр намайг гэсгээг” хэмээн хэлсэн ОХУ-ын Буриадын нэрт зохиолч А.С.Гатаповын хэлсэн үг нь түүний уран бүтээлдээ хэрхэн хандаж, ямар хариуцлага үүрч байдгийн тод илрэл юм. Тэгвэл өчигдөр А.С.Гатапов зохиолчийн “Эгэл хөвүүн Тэмүжин” номын нээлт “Чингис хаан үндэсний музей”-д боллоо.
Уг бүтээлийг МЗЭ-ийн шагналт зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагва монгол хэлээ яруу тансаг үг хэллэгээр орчуулж, уншигчдын гарт хүрэхэд бэлэн болжээ. Номын нээлтийн үеэр зохиолч А.С.Гатапов сэтгэгдлээ хуваалцсан юм.
Тэрээр “Энэ номыг 2001 онд бичиж эхлээд 2021 онд дуусгасан. Өөрөөр хэлбэл, 20 жилийн хөдөлмөр шингэсэн бүтээл.Анх эхлэхдээ хэзээ дуусахыг нь мэдээгүй ч уншигчдад үнэн зөв түүхийг хүргэхийн төлөө бүх хүчээ дайчилсан. Тухайн үед нэлээн олон түүхэн романууд гарч байсан. Гэвч зохиолч, түүхч хүний хувьд тэдгээр бүтээлүүд уран сайхны болон утга агуулгын талаасаа ч миний сэтгэлд хүрээгүй. Учир нь түүхийн урт хугацааг хамруулж, тоймлон бичихэд нарийн үйл явдлыг гаргахад төвөгтэй байсан байх.
Романдаа Тэмүжиний 9-13 насны хоорондох дөрвөн жилийн хугацааг авч үзсэн. Энэ үе бол Уильям Шексприйн “Орших уу, эс орших уу” гэдэг шиг Чингис хаан гэж хүн хэн болох нь шийдэгдэж байсан хагийн чухал мөч байсан.
Энэ дөрвөн жилд Орос улс гэж байх уу үгүй юу, Хятад улс гэж байх уу, үгүй юу, Төв азийн улсууд байх уу, үгүй юу гэдэг чухал ач холбогдолтой дөрвөн жил байсан юм. Өөрөөр хэлбэл, Чингис хаан гэж хүн байгаагүй бол дэлхийн түүх хаашаа чиглэх байсныг бүү мэд ээ” хэмээсэн юм.
сонин mn
Н.Пүрэвдагва: Жирийн монгол хүүхдүүдэд жигүүр ургуулахаар ном шүү
сонин mn
МЗЭ-ийн шагналт зохиолч Н.Пүрэвдагва, ОХУ-ын Буриадын нэрт зохиолч А.С.Гатапов нар.
Харин тус бүтээлийн орчуулагч МЗЭ-ийн шагналт зохиолч Н.Пүрэвдагва “Би юу хэлэх ээ, юу хэлэх ёстойгоо ч мэдэхгүй байна. Эхлээд нэг зүйл хэлье гэж бодлоо. Би бол орчуулагч, оршуулагч гэдэг хоёр үгийг их боддог хүн. 50 гаруй жил орчуулагчаар ажиллажээ. Гэхдээ “Энэ хог чинь нэг тийм ном орчуулж байхдаа, орчуулга хийгээгүй оршуулга хийчихсэн байна шүү дээ “новш” чинь гэж хэлэх вий” гэж айдаг хүн. Энэ ном ямар ном бэ.
Монголын түүхийн багш нарын анхдугаар чуулга уулзалт хурал дээр хагас өдөр суулаа. Шинжлэх ухааны суурь бүтээл гэдэг зүйлийг голлож ярьж байна. Багш яаж суурь бүтээлд оролцох, суурь бүтээлээ хэрхэн тайлбарлах вэ гэдэг дээр голлож анхаарал тавьж байна.
Энэ номыг та нар унших учраас олон зүйл яриад яах вэ. Гэхдээ нэг зүйл байна. Энэ ном уран зохиолын бүтээл. Энэ ном шинжлэх ухаан, судалгааны бүтээл биш. Гэхдээ биш гэж хэлэхэд бас учир байна. Яагаад, гэхээр А.С.Гатапов гэдэг зохиолч яаж хийснийг нь багцаалж, сүүлийн 2-3 жил төсөөлсөн учраас тэгж хэлж байгаа юм. Энэ таван боть номыг хийхийн тулд энэ хүн он дараалал, овог нэр, гарал угсаагаар нь Монголын түүхийн тайлбар толь өөртөө зориулж хийснийхээ дараа бичсэн. Тэгээд бодохоор “Шинжлэх ухааны судалгааны бүтээл мөн үү” гэхээр мөн байгаа биз. Гэхдээ бичгийн байдал, энгийн хэлбэр зэргийг харвал маш энгийн ойлгомжтой өгүүлэмжтэй зохиол. Зургаа дах боть арай дуусаагүй байх шиг байна.
Өөр нэг зүйл хэлье. Энэ ном над дээр ирээд маш богино хугацаанд орчуулагдсан. 3-4 сар болсон. Би энэ хүний энэ номд автаад тэр хугацаанд хоногт 18 цаг суусан байдаг юм. Өөрөөр хэлбэл, А.С.Гатапов гэдэг хүнд ховстуулсан болох гээд байгаа юм. Ховсдуулсан болохоор бодоход “гайгүй юм байлгүй” гэж бодож сууна.
А.С.Гатапов зохиолч сая хэллээ. Намайг 2001 онд зохиол бичиж байх үед ямар ямар зохиолд Чингис хааны тухай, Монголын өнө эртний түүхийн тухай гарсан бэ гэж. Тэр үед надад ч гэсэн тэгж санагддаг байсан. Энэ бол миний Монголын өвөг дээдсийн түүх лав биш байна гэж бодож байлаа. Мал муулахдаа хүртэл учиртай муулдаг байсан Монголчуудыг “Хэвтүүлж нуруун дээр нь шал тавьж байгаад найрлаж, наадаж байсан алуурчин, адгуусууд” гэж дүрсэлж бичсэн тэр зохиолыг уншаад омогшиж, уурлаж, шаралхаж бичсэн ном энэ. Энэ хүний тэгж шаралхаж бичсэн сэтгэгдэл миний дотор бас байсан учраас цөөн хэдэн сарын дотор сууж хийсэн хэрэг.Одоо дараагийнхаа зүйлийг хийхэд бэлэн байгаа. Хоёр боть гарсан учраас та хэд маань үнэлээд болох ёстой гэвэл тэр биз. Харин “болохгүй ээ” гэвэл би заавал зууралдах ёстой биш гэж бодож байна” гэлээ.
Мөн тэрээр “Эгэл хөвүүн Тэмүжин” романыг “Жирийн монгол хүүхдэд жигүүр ургуулахаар ном шүү” хэмээн онцолсон юм.
“Эгэл хөвүүн Тэмүжин” романы нээлт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөнтэй давхцсан нь онцлог байлаа. Номын нээлтийн үйл ажиллагаанд нийслэл болон орон нутгаас хүрэлцэн ирсэн багш нар оролцсон юм. Энэ үеэр “Чингис хаан үндэсний музей” -н захирал, академич С.Чулуун “Нягт нямбай чадварлаг орчуулагч сонгосноор зохиолын утгас санаа яруу сайхан монгол хэлээр бүрэн илэрхийлэгдсэн байна.Энэ сайхан бүтээлийг олон оюутан, сурагчдад түгээн дэлгэрүүлэх үүргийг багш нар та бүхэн сайн биелүүлээрэй. Олон олон Чингис хаан, Тэмүжинг төрүүлээрэй гэж ерөөе” гэлээ.
П.АМГАЛАНБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn