Сар шинийн барилдаануудын эргэн тойронд

Орон нутгуудад хөхөгчин могой жилийн Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанууд үргэлжилж байна. Хэнтий аймагт “Өндөрхаан” цомын төлөөх Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд улсын дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Бат-Өлзий, Д.Хүдэрбулга нараар ахлуулсан 128 бөх зодоглов. Түрүү бөх 10 сая төгрөгийн бай хүртэх эл барилдаанд улсын цолтой 29 бөх бүртгүүлжээ. Энд аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож долоо даван түрүүлж “Өндөрхаан цом”-ыг өргөсөн бол Өвөрхангай аймгийн Зүүнбаяр-Улаан сумын харьяат улсын харцага Б.Цэдэнсодном үзүүрлэсэн байна. Өмнөдэлгэлгэрийн Алтанцоож арслан энэ өдөр аймгийн аслан Ш.Отгонтөгс,улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын начин Э.Батмагнай, улсын начин Л.Энхсаруул, улсын харцага Б.Цэдэнсодном нарыг давж “Өндөрхаан цом”-ыг өргөж, 10 сая төгрөгийн бай хүртжээ.
Бөхийн барилдааны их шөвөгт улсын дархан аварга Н.Батсуурь, улсын начин Л.Энхсаруул нар шалгарсан юм
Бөхийн барилдааны хоёрын даваанд Ховд аймгийн харьяат улсын заан Б.Бат-Өлзий Өвөрхангай аймгийн харьяат аймгийн начин Д.Сумъяабазарт зүүн хутгуулж өвдөг шодооджээ. Д.Сумьяабазарын хувьд өмнө нь улсын аварга О.Хангайг давж байсан бол энэ удаа Бат-Өлзий зааныг хутгаж дайраад хялбархан давлаа. Мөн улсын заан Б.Серик Завхан аймгийн начин Б.Сандуйжавтай хоёрын даваанд нугарч барилдаад дийлсэнгүй. Түүнчлэн бөх сонирхогчид улсын начин Дэлгэрсайханы Амарсайханыг өндөр даваанд харж байсан ч Хөвсгөлийн аймгийн заан Халтарын Бөхбаярт өвдөг шороодсон юм. Х.Бөхбаяр удаах даваанд улсын арслан Р.Пүрэвдагвыг өвдөг шороодуулж энэ дэвжээнд сайн барилдаа.
Харин хэд хоногийн Өндөрхаан уулсын хишиг барилдаанд түрүүлсэн улсын харцага Г.Бадрах энэ барилдааны дөрвийн даваанд улсын харцага Э.Ууганбаярт өвдөг шорооджээ. Үзүүр бөх улсын заан Д.Хүдэрбулга улсын харцага Б.Цэдэнсодномыг амлаж барилдаад дийлсэнгүй.
Мөн энэ үеэр өсвөрийн барилдаан зохион байгуулагдаж түрүү бөхийг сая төгрөгөөр байлсан юм. Өсвөрийн барилдааны ахлах насанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат залуу бөх Р.Омар түрүүлжээ. Тэрбээр хэд хоногийн өмнө Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдсан Сар шинийн баярт зориулсан өвсөрийн бөхийн барилдаанд мөн түрүүлсэн юм. Р.Омар ах нарынхаа барилдаанд бүртгүүлж аманд гараад улсын начин Д.Амарсайхантай тун тэнцүүхэн барилдаж өвдөг шороодсон юм. Сонирхуулахад улсын арслан Энхтөгсийн Оюунболд бөхийн барилдааныг хүндэтгэлийн суудлаас сонирхсон юм.
Мөн энэ өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод зохион байгуулагдсан Сар шинийн баярт зориулсан хүчит 64 бөхийн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлж, аймгийн хурц арслан Б.Номиндалай үзүүр булаажээ. Аймгийн заан С.Ган-Эрдэнэ, Б.Бадамдорж нар сайн барилдаж шөвгөрсөн байна. Улсын харцага Шарын Мөнгөнбаатар нутгийнхаа Сар шинийн баярт зориулсан барилдаанд зодоглож, аймгийн заан С.Ган-Эрдэнэд тахим буулгажээ.
Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод зохион байгуулагдсан Сар шинийн баярт зориулсан барилдаанд улсын харцага Б.Цэдэнсодном түрүүлж, Х.Гантулга харцага үзүүрлэсэн гэнэ. Улсын начин Б.Сангисүрэн, аймгийн хурц арслан О.Наранбаатар нар их шөвөгт шалгарчээ. Б.Цэдэнсодном харцага энд түрүүлчихээд Хэнтий аймагт очиж барилдан үзүүрлэж бэлтгэл сургуулилт жигдэрсэн байгаагаа харуулав.
Налайх дүүргийн Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн хурц арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар түрүүлж, Говь-Алтай аймгийн арслан Д.Эрдэнэтулга үзүүрлэв. Баянхонгорын аймгийн арслан Э.Өлзийбяр, аймгийн заан Б.Одгэрэл нар их шөвөгт шалгарчээ.
Дархан-Уул аймгийн Сар шинийн барилдаанд аймгийн хурц арслан Оюунгэрэлийн Наранбаатар түрүүлж, улсын начин Насанцогтын Баярбаатар үзүүрлэжээ.
Говьсүмбэр аймагт аймгийн хурц арслан Энхтөрийн Мөнхбаатар түрүүлж, аймгийн заан Б.Анандпүрэв үзүүрлэж, аймгийн заан Н.Наранбаяр, аймгийн харцага Д.Одсүрэн нар их шөвөгт шалгарчээ.
О.ДАШНЯМ


https://tsahiur.mn/n/s/23076