Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болсноос хойш Монгол Улс оносон уу, алдсан уу?

0

Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Ерөнхий сайдаар томилогдож, 29-нд танхимын сайд нараа УИХ-д танилцуулж байв. Түүний Ерөнхий сайдаар дөрвөн жил ажиллаж буй он гарч, ой нь болоход Сүхбаатарын талбайд жагсаалтай угтаж, шүүх байгууллага мэдэгдэлтэй “тэмдэглэв” бололтой. Ер нь бол Л.Оюун-Эрдэнэ ингэж дөрвөн жилийн өмнөх энэ өдөр Засгийн газрыг тэргүүлж эхлэхдээ УИХ-ын чуулганд хийх дөрвөн зорилт дэвшүүлж байжээ. Тэгэхэд тэрээр эхний зорилтоо “Нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана.
 
Цар тахлын нөлөөнд хамгийн их нэрвэгдсэн аж ахуйн нэгжүүд, ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих цогц арга хэмжээг Засгийн газар цар тахлыг даван туулах төлөвлөгөөнд тусгаж, үе шаттай шуурхай хэрэгжүүлнэ.
 
Гадаадад буй иргэдээ үе шаттай татан авчрах ажлыг эрчимжүүлнэ” гэсэн. Удаах зорилтоо “Нүүрсийг орлох шинжлэх ухаан, технологийн шийдэл гарахад л Монгол хэмээх өрх айл цалин, тэтгэврээ ч тавьж чадахгүй болно. Тиймээс шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийг хурдасгахыг гол зорилтоо болгоно. Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед хиймэл оюун ухаан, финтек, үүлэн технологи чиглэлээр дэлхийн зах зээлд амжилттай өрсөлдөж эхэлсэн үндэсний компаниудаа дэмжиж, түншлэн ажиллана. Уул уурхайн салбарын орлогыг илүү өгөөжтэй байлгаж, байгалийн баялгийг шударга хүртээмжтэй хуваарилахын тулд Үндэсний баялгийн сан байгуулна. Үндэсний баялгийн сан Хуримтлалын, Тогтворжуулалтын, Хөгжлийн гэсэн үйл ажиллагааны гурван чиглэлтэй байна. Уул уурхайн стратегийн орд газруудын шууд өгөөжийг сайжруулна. Оюу толгойн гэрээг эрс сайжруулахын төлөө УИХ-тай нягт хамтран ажиллана.
 
“Алсын хараа 2050” бодлогод тулгуурлан эдийн засгийн дараах салбаруудыг тэргүүлэх чиглэл болгож, бодлогоор онцгойлон дэмжинэ.Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж чадвал 70 хувь, цаашлаад 100 хувь дотоодоосоо хангах нөхцөл бүрдэнэ. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг яаралтай барьж дуусгана.
 
Авто замын төслүүдийг хэрэгжүүлэхдээ ач холбогдлоор нь эрэмбэлж, тэргүүн ээлжинд хилийн боомтууд болон аялал жуучлалын замыг холбоно. Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг яаралтай дуусган, V цахилгааны станцын ажлыг эхлүүлнэ. Малын түүхий эдийг боловсруулах үйлдвэр болон тээвэрлэлтийн суурь төвүүдийг үе шаттай барьж байгуулна. Монголд ирэх гадаад жуулчдад үүсдэг бэрхшээл, хүнд суртал, хариуцлагагүй байдлыг арилгаж, цахим Элчин сайдын яам байгуулах, цахим виз олгох, агаарын тээврийг либералчлах асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Соёлын яамны менежментийг шинэ түвшинд гаргаж, соёл, урлаг, кино урлагийг дэлхийн түвшинд гаргаж, эдийн засгийн үр өгөөжтэй байх зорилтыг дэвшүүлнэ. Хөрөнгийн бирж, Төрийн өмчит үйлдвэрийн газруудын засаглалыг олон улсын түвшинд хүргэнэ.
 
Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн зөвлөл, Бизнес эрхлэгчдийн зөвлөл, Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зөвлөл байгуулж, Төр-Хувийн хэвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлж, цаашид Эдийн засаг, хөгжлийн яамыг байгуулах болно.
 
Улаанбаатар хотын төвлөрлийг багасгана. Хот руу тэмүүлэх тусам үнэтэй, хөдөө очвол эдийн засгийн дэмжлэгтэй байх эрхзүйн орчин бүрдүүлнэ. Нийслэлийн тээвэр болон дагуул хотуудыг холбосон дэд бүтцийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ. Хүн амын дийлэнх хэсэг амьдран суугаа их хотын асуудлыг Засгийн газар зөвхөн нийслэлийн удирлагад даатган орхихгүй. Нийслэлчүүдтэйгээ сэтгэл гарган бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно” гэж байв. Гурав дахь зорилтоо “Манай Засгийн газар ирэх гурван жилийн хугацаанд “Залуус 1, 2, 3 хороолол”-ыг нэгдсэн зургаар барих ажлыг өрнүүлж, орлогод нийцсэн орон сууцны шинэ санхүүжилтийн загварыг Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд шилжих замаар шийдвэрлэх болно. Монгол хүн болж төлөвших сургалтын багц, монгол хэл, бичгийн төгс хэрэглээ, хот, хөдөөгийн сургалтын чанар, их дээд сургуулийг нэгтгэж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, англи хэлийг хоёрдагч хэл болгож, дэлхийн иргэд бэлтгэх зэрэг асуудлыг онцгой анхаарна. Засгийн газраас Боловсролын шинэчлэлийн багц хуулийг УИХ-ын хаврын ээлжит чуулганаас өмнө өргөн барих болно. 
 
Иргэн бүр жил бүхэн бүрэн оношлогоонд хамрагддаг тогтолцоонд алдалгүй шилжин орох ёстой. Ирэх дөрвөн жилийн хугацаанд Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв, Зүрх судасны үндэсний төв, Түлэнхийн төв, Хавдар судлалын үндэсний төвийг шинээр барих болно” гэсэн.
 
Дөрөв дэх зорилтоо “Миний бие ордон дотор хүч мөхөствөл, олон нийтийн дэмжлэг авч тэмцлээ үргэлжлүүлэх болно. Энэ удаагийн авлигатай хийх тэмцэл зөвхөн хогийн ургамалтай нь биш харин түүнийг бүрдүүлж буй хөрстэй нь хийх тэмцэл байх болно. Хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэнийг ч ял завшуулдаггүй хараат бус шударга шүүхийн тогтолцоо бүрдүүлэхийг бүх талаар дэмжиж ажиллах болно. Төрийг албан бусаар удирдахыг хүсдэг бүлэглэлийн нөхдүүдтэй хатуу тэмцэх болно. Тэдний шүүхэд болон хууль хяналтын байгууллагад байршуулсан төлөөлөгч нарыг цэвэрлэхийн төлөө ажиллах болно. Цаашид төрийн дээр төр шиг байдаг албан бус бүлэглэл дахин үүсэх, улс төрийн зорилгоор хууль хяналтын байгууллагын ашигладаг байдлыг бүрэн таслан зогсоохын тулд сонгодог парламентын тогтолцоог бүрдүүлэх эрхзүйн цогц реформыг улс төрийн намуудтай зөвшилцөн хийхийг эрмэлзэнэ.Шүгэл үлээгчийг хамгаалах тухай, Улс төрийн намын санхүүжилтын тухай, Төрийн албаны ёсзүйн тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар төрийн байгууллагын албан тушаалтнууд, орлогоосоо давсан хэрэглээтэй эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлж байгаа эсэхийг бүртгэлжүүлэн цэгцлэх эрхзүйн орчныг бүрдүүлнэ. “E-Мongolia” цонхонд төрийн бүх үйлчилгээг нэгтгэнэ. Цахим шилжилтийг 2021-2024 оны хооронд 90 хувь хүртэл хийх болно. Ингэхийн тулд Цахим хөгжлийн яам байгуулна.
 
МАН-ын Засаг, АН-ын Засаг гэж байхгүй, Монгол Улсын Засгийн газар л гэж бий. Тиймээс үндэсний нэгдмэл үнэт зүйлээ бэхжүүлж, дотооддоо сөргөлдөх биш дэлхийн бусад улс орнуудтай хөгжлийн үзүүлэлтээр уралдацгаая.
 
Төрийн бүх шатны байгууллага, нийт албан хаагчдын хувь хүний эрхийн тухай мэдрэмж, мэдлэгтэй байхыг ажлын байрны гол шалгуур болгож, хүний эрхийг хамгаалж, төр бол иргэддээ үйлчлэх үүрэгтэй гэд­гийг ухамсарлуулан ойлгуулахад онц­гой анхаарна” гэж тодорхойлж байв. Тэгвэл ингэж хэлж байсан нь дөрвөн жилийн дараа хэрхсэнийг маш товчхоноор харьцуулаад үзье. Ямартай ч Ерөнхий сайд болоход нь ковидтой, араас нь Орос, Украины дайн залгасан, одоо үргэлжилж л байна. Гэхдээ тэрээр Ерөнхий сайд болсноор авлигатай ширүүхэн тэмцсэн. Гэвч мөрдөх байгууллагуудын хийсэн “ажил” шүүх дээр очоод гацах болсон. Энэ нь хэд хоногийн өмнө ч давтагдав.Тиймээс тэрээр шүүхийг шүүмжилсээр ирсэн. “Өнөөдөр нэг ч авлигач шоронд ороогүй нь үүний нотолгоо шүү” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн нь оргүй үг биш юм. Тэрээр “Эрдэнэт”-ийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр зэрэг хууль бус томоохон хувьчлалуудыг эргэж сөхсөн.
 
“Чингис”, “Самурай” бондын өрийг төлсөн. Оюу толгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн. Үндэсний баялгийн сантай болсон. Англи хэлийг хоёр дахь хэл болгосон. “E-Mongolia” хэрэгжсэн. Тусгай сангуудын мэдээлэл ил болсон. “Алсын хараа-2050” хөгжлийн бодлоготой болсон. Эрчим хүчний үнийг чөлөөлсөн.
 
Том төслүүдийн хөдөлгөөн эрчимжсэн. Засгийн газар Францын “Орано майнинг” компанитай ураны гэрээ, Хятадын “Чайна энержи” компанитай төмөр замын холболтын асуудлыг УИХ-аар шийдүүлсэн. Улсын эдийн засаг хоёр дахин тэлсэн. УИХ-ын 126 гишүүнтэй, холимог тогтолцоог бүрдүүлсэн. УИХ голдуу шинэ залуу үеэс бүрдсэн. Улмаар анх удаа сонгуулийн тойргууд бүсчлэгдсэн. Үүгээр дамжаад улсыг бүсчлэх асуудал яригдаж, тодорхой ажлууд хийгдээд эхэлжээ. Өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улсын ДНБ 43 их наяд төгрөгөөс 82 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ жил бүр 1000 ам.доллараар буюу 4600-7000 ам.долларт хүртэл өссөн. Энэ нь олон улсад бол том үзүүлэлт аж. Ийн жагсаагаад байвал цаашаа үргэлжилнэ.
Гэхдээ энд дурдсан нь түүний Ерөнхий сайдаар ажилласан үеийн гол бөгөөд томоохон ажлууд нь гэхэд болно. Хамгийн гол нь бид эндээс “Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болсноос хойш Монгол Улс оносон уу, алдсан уу” гэдгийг л олж харах хэрэгтэй байгаа юм.
 
 
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn