Бодлын хүч

2

Хүний оюун ухаан өөрийгөө эдгээх хүчтэй. Тухайлбал, тархи хуурамч эмчилгээг бодит гэж хүлээн авбал бие махбодь өөрийгөө эдгээх үйл явцыг эхлүүлдэг. 
Жишээ нь, тархи ходоодны эмийг халуун бууруулах эм гэж бодоод уувал, бие махбодь температурыг бууруулах тушаал өгдөг.
Энэ нь сэтгэл зүйн хариу урвалыг ашиглан өөрийгөө эмчлэх явц бөгөөд үүнийг эрдэмтэд “плацебо нөлөө” гэж нэрлэдэг. 1811 онд Оксфордын товч тайлбар толь бичигт плацебо нь “таалагдах” эм гэж тодорхойлсон байдаг. Энэхүү эмчилгээний арга нь шууд хорт хавдрын эсийг устгахгүй ч сэтгэл санааг нь дэмжих байдлаар өвчтөний эдгэрэх явцад нөлөөлж чаддаг. Иймээс эрдэмтэд өнгөрсөн хугацаанд плацебо эффектийн талаар дэлгэрэнгүй судлахаар маш олон судалгааг явуулжээ.
Тухайлбал, Мельбурны их сургуулийн судлаачид лабораторид дунджаар 23 эрэгтэй, 14 эмэгтэйг оролцуулсан нэгэн судалгааг хийсэн байна. Уг судалгаагаар эрдэмтэд термод хэмээх төхөөрөмжийг оролцогчдын гарт уяж дунд зэргийн өвдөлт өгөх зорилгоор бага зэргийн температурт хэсэг хугацаанд байлгасан аж. Үүний дараагаар судлаачид оролцогчдод өвдөлт намдаах, халууныг улам дордуулах болон ямар ч нөлөө үзүүлэхгүй энгийн гэсэн гурван төрлийн тосыг түрхэж өгчээ. Тухайлбал, оролцогчдыг өндөр нарийвчлалтай функциональ соронзон резонансын дүрслэл (fMRI) аппаратаар сканердаж, тархины аль хэсэг нь хамгийн идэвхтэй байгааг илрүүлсэн байна. Үр дүнд судалгаанд оролцогчдын ихэнх нь плацебо нөлөөг мэдэрчээ. Тухайлбал энгийн тос түрхсэн иргэд өвчин намдаж, зовуурь арилсан гэж хариулсан байна.
Мөн түүнчлэн, 2017 онд Их Британи дахь судлаачид сэтгэлзүйн байдал, стрессийг зохицуулахад плацебо нөлөөний үүргийг судалсан байдаг. Судалгаанд оролцогчдод стресс бууруулах эм гэж үр дүнгүй, хуурамч эмийг нэг долоо хоногийн турш өгсөн байна. Судалгааны үр дүнд, оролцогчдын сэтгэл зүй илт сайжирч, стрессийн түвшин буурсан нь плацебо нөлөөний сэтгэл зүйн хариу урвалын үр дүн гэж тайлбарлажээ.
Ийнхүү энэ мэт маш олон судалгааг эрдэмтэд хийсэн байдаг. Гэсэн хэдий ч одоо хүртэл энэхүү нөлөөлөл нь хэрхэн бий болж тархи өөрийн бие махбодыг эдгээж, сайжруулж байгаа талаар олж мэдэхээр судлаачид эрж хайсаар байгаа юм.
Хамгийн сонирхолтой нь хүмүүс өдөр тутамдаа өөрийн мэдэлгүй плацебо нөлөөлөлд автдаг бөгөөд үүнийгээ мэдэхгүй өнгөрөх нь олонтоо. Жишээ нь зүрх дэлсэх, харшил хөдлөх зэрэг өвчинд тайвшруулах гаралтай эм уухад тэр дороо өвчин зүгээр болсон юм шиг мэдрэмж төрдөг. Энэ нь эмийн нөлөөллөөс илүүтэй хүний тархинд тайвширна гэсэн дохио ирүүлж байгаатай холбоотой аж. Бид “санаа дагаад” гэдэг дээ. Яг үүн шиг санаа дагаад бие эдгэрэх боломжтойг шинэлэх ухаан нотолж, харуулж байна. Үндсэндээ эмчилгээ нь эерэг нөлөөтэй байна гэдэгт итгэж чадвал ихэнх тохиолдолд хүссэн үр дүндээ хүрч чадах аж. Түүнчлэн хүмүүс ихэвчлэн ямар нэгэн эмийн үнэ өндөр байх тусам эмчилгээ нь илүү үр дүнтэй байна гэдэгт итгэдэг. Энэ бол мөн л плацебо нөлөө юм.
Бодлын хүчСэтгэл судлалын магистр, докторант Д.Эрдэнэбаатар
"Нийт өвчний 70-80 хувь сэтгэл зүйн шалтгаант болон далд ухамсрын өөрчлөлтөөс үүдэлтэй гэж үздэг. Үүнд ходоод 12 хуруу гэдэсний шарх, бамбай булчирхай, хоёр хэв шинжийн чихрийн шижин, зүрхний бах (стенокарди), сэтгэл зүйн шалтгаант даралт ихсэх өвчин, мигрень буюу толгойны өвдөлт гэх мэт. Далд ухамсрын түвшний өвчин эмгэгийг эмчлэх гол эмчилгээ бол сэтгэл засал эмчилгээ байдаг."
Түүнчлэн өдрийн турш хэд хэдэн эм уух нь нэг ширхэг эм уухаас илүү үр дүнтэй байдаг гэж зарим хүн үздэг. Мөн дусал, тариа хийлгэх нь эм уухаас илүү үр дүнтэй байдаг гэх мэт хүмүүс плацебо эффектэд өөрийн мэдэлгүй өртсөн байдаг байна. Гэхдээ энэ нь муу зүйл биш бөгөөд плацебогийн эерэг нөлөөллөөр нойр хулжилтыг хэвийн болгох, гуурсан хоолойн багтраа, толгойн өвдөлтийг намдаахад тусалдаг байна.
Домнох ШИД
Монголчууд эртнээс оюун санаа, итгэл, сэтгэл зүйн хүчээр өөрийгөө эдгээж ирсэн уламжлалтай. Тухайлбал, бид эрт дээр үеэс плацебо эффектийг “домнох” байдлаар ашиглаж ирсэн байдаг. Хүүхэд ханиад хүрч хоолой идээлбэл ээжийнх нь шээсийг хоолойн дээр тавьж домнох, хүүхдийг айж цочиход хөхөөрөө ширэглэх, хөх хавдаж горьдсон үед өөрийнх нь самаар домнох зэрэг олон аргыг ашиглаж ирсэн. Энэ нэг талаараа бид эрт дээр үеэс оюун ухааныхаа тусламжтайгаар өөрийгөө эмчилж болдог гэдгийг мэдэж байсантай холбоотой. Эдгээр домнох арга нь зөвхөн физик эмчилгээ биш, харин сэтгэл зүйн хариу урвалыг ашиглан өвчтөнд эдгэрэх сэтгэл санаа өгөх зорилготой байдаг аж.
Бодлын хүч“Самандбадраа” уламжлалт эмнэлгийн зөвлөх эмч Л.Баттогтох
"Уламжлалт анагаах ухаан бол хүний бие махбод болон сэтгэл санааны өвчин эмгэгийг цогцоор нь судалж, сав шим ертөнцийн шүтэн барилдлага, од гараг эрхсийн нөлөөлөл, ад тотгор, урд хойд төрөл, үйлийн үр, шүтэн барилдлага зэргийг судалдаг. Үүний зэрэгцээ бодь сэтгэл хоосон чанарыг онож, өвчин зовлонгийн холын шалтгаан мунхгийг үндсээр нь анагаадаг буддын их таван ухааны нэгэн салбар ухаан юм."
Мөн монголчуудын уламжлалт анагаах ухаанд хүний сэтгэл зүйг анхаарах нь маш чухал байр суурь эзэлдэг. Эмчилгээний аргууд нь зөвхөн бие махбодыг эмчлэхээс гадна, сэтгэл зүй, оюун санааг сэргээх, тайвшруулах, сэтгэлийн тэнцвэрийг хадгалах гээд цогцоор нь анагаахад оч холбогдол өгдөг байна. Энэ нь эдгэрэх үр дүнд сэтгэл санааны хариу урвал чухал нөлөөтэй гэдгийг батлан харуулж буй. Эцэст нь манай уламжлалт анагаах ухаан нь хүний сэтгэл санааг дэмжих хэлбэрээр биеийг бүхэлд нь анагаадгаараа илүү дүнтэй байдаг аж.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn