Г.Жамбалдорж: Бөхөд хайртай монголын ард түмнээсээ уучлалт хүсэж байна

142

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харъяат "Алдар" спорт хорооны бөх Цэргийн арслан Г.Жамбалдорж шинжилгээний хариу гарсантай холбогдуулан тайлбар хийжээ.
Тэрбээр "Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ мэдэгдлийг хийхийнхээ өмнө миний бие Монголынхоо ард түмэн, үндэсний бөхөд хайртай хүмүүс, нийт бөхчүүдээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна.
Ардын хувьсгалын 103 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд 4 давж, баяр наадмын хуулийн дагуу допингийн шинжилгээнд хамрагдсан. Хариугаа өчигдөр Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооноос байгуулагдсан Үр дүнгийн удирдлагын багаас авч, өөрийн биеэр танилцлаа.
Би “В” сорьцын шинжилгээгээ өгөхгүй гэдгээ мэдэгдсэн учраас өөрөө хариугаа зарлаж байна. Миний шинжилгээний хариу эерэг гарч, допингийн төрлийн бодис гарсан гэж зохион байгуулах хорооноос танилцуулж бичгээр өглөө.
Миний хувьд санаатайгаар допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн зүйл байхгүй. 2014 оноос хүзүүндээ хүнд бэртэл авч,байнга эмчилгээ хийлгэж байсан.Надад зорилго, бөхийн карьер бий....
Намайг дэмждэг хүмүүс, ар гэр, үр хүүхдүүд минь байнга дэмжиж байсан учир зорилгынхоо төлөө, шүд зуун тэмцсээр ирсэн.
Байнгын эмчилгээ хийлгээд явдаг байсан. Өнгөрсөн зунаас бэртэл маань сэдэрч, өнгөрсөн улирлын барилдаанд олон гарч чадаагүй. Эмчилгээндээ хэрэглэсэн эм, тарианы найрлагад нөгөө хориотой 400 гаруй төрлийн эмийн бодисоос байж ээ. Би анзаарах ёстой байсан.Залуус дүү нартаа бэртэл гэмтэл авбал, цаг алдалгүй бүрэн гүйцэт эмчлүүлж, болсон үедээ спортдоо ирэхийг захиж хэлмээр байна.
Мөн үеийн залуусыг мэдлэг мэдээллээ дээшлүүлж, Эмч болон мэргэжлийн байгуулгуудынхаа уялдаа холбоотой байж, эмчлүүлэх нь чухал юм байна.Эрүүл мэндээ хайрлаарай.Спорт бол эрүүл залуу насны богинохон л баясгаад өнгөрөх хором мөч....
Миний хувьд олон улсын ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИЙН хариуг үгүйсгэхгүй. Мэдлэг мэдээлэл дутуу, хариуцлагагүй алдаа гаргасан тул, гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, шударга бус өрсөлдөөн бий болгох, санаа зорилго байгаагүй гэдгээ албан ёсоор хэлж, Баяр наадам зохион байгуулах комиссын оногдуулах шийтгэлийг хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна.
Монголынхоо ард түмэн, үндэснийхээ өв соёлд хайртай хүмүүс, дэмжиж тусалж байсан бүх хүмүүс, бөхчүүдээсээ чин сэтгэлээсээ ДАХИН УУЧЛАЛТ хүсэж байна" гэжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn