П.Орхон: Ажил хийдэггүй, тамирчдаа дэмждэггүй Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчийг яаралтай солих хэрэгтэй

402

Чөлөөт бөхийн холбооны талаар Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон, Т.Тулга нар мэдээлэл хийлээ. Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон "Энэ жилийн улсын аварга болсон тамирчид чөлөөт бөхийн тамирчдыг төлөөлөөд холбооны үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна. Бид өнгөрсөн 12 дугаар сараас эхлээд нэгдэж, холбоогоо өөрчлөгдөхийг хүлээсэн. Гэтэл өнөөдрийн хүртэл ямарч арга хэмжээ аваагүй, үйл ажиллагаа нь улам доройтож, муудсан тул ийнхүү мэдээлэл хийж байна. Өнөөдөр ирэх байсан зарим тамирчдад дарамт шахалт ирсэн. Цалин авдаг байгууллагаас нь хуралд оролцуулахгүй гэж шахсан байна. Гэхдээ бид цалингаас илүү холбоогоо өөрчлөх үүднээс энд ирсэн. Ирсэн тамирчиддаа баярлалаа гэж хэлмээр байна.
Шинэ Ерөнхийлөгч өнгөрсөн гуравдугаар сард ажлаа авсан. Бүтэн жил өнгөрчихөөд байхад нэг ч үйл ажиллагаа хийгээгүй, тамирчдаа ч дэмждэггүй. Ганц хийсэн ажил нь мэргэжлийн зөвлөл байгуулсан. Тэр нь алдаатай байгуулагдсан. Бид мэргэжлийн зөвлөл байгуулах саналаа ч өгөөгүй. Ахмад тамирчид хүртэл мэдэхгүй. Бидний нэрийг ашигласан байна гэж байна лээ.
Холбоо уг нь тамирчдыг тэмцээн уралдаанд асуудалгүй оруулж, тайван бэлтгэлээ хийх боломжоор хангах байтал визний олон удаагийн асуудал гарч байна. Мөнгөө төлсөн тамирчдыг визэнд нь оруулж чадахгүй, цагийг нь авч чадахгүй хохироож байна. Дотоодын тэмцээн уралдаан хүртэл муу. Бид хүйтэн зааланд тэмцээнээ зохион байгуулдаг. Өсвөр залуучуудын тамирчдаа ч анхаардаггүй, улсын аваргынх нь шагналын мөнгийг өгөхөө болиод удаж байна. Холбооны үйл ажиллагаа нь тамирчин багш нартайгаа уялдаа холбоогүй. Бидний саналыг сонсдоггүй. Шийдвэрээ хүчээр тулгадаг асуудал удаа дараа гарсан.
Өнгөрсөн жил Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголдоо зохион байгуулах урилга хүлээж авсан. Гэтэл холбооноос ямар ч мэдээлэл өгдөггүй. Тайлан, санхүү нь ил тод бус. Удирдах зөвлөл, гишүүдэд нь хүртэл мэдээлэл нь ирдэггүй. Чөлөөт бөхийн холбоо 1,4 тэрбум төгрөгийн өртэй. Шинэ ТУЗ-ийн ирсэн гишүүд энэ өрнөөс айгаад гараад явчихдаг. Мөн тамирчид нэрэмжит тэмцээнд оролцохдоо өөрийн зардлаар явдаг. Мөн олон улсын тэмцээнд эмч явахгүй удаж байна. Бусад бокс, жүдо бөхийн холбооны үйл ажиллагаа маш сайн байна. Бид яагаад тэдэн шиг холбооны ерөнхийлөгчөө солиод үйл ажиллагаагаа сайн байлгаж болохгүй гэж" гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn