БАЯНХОНГОР: С.Үнэнбуян: Эвхмэл монгол бичиг үнэхээр гоёмсог, хээнцэр
Баянхонгор/МОНЦАМЭ/.Хонгор нутгийн уугуул, төрийн албанд ажил амьдралаа зориулсан, өдгөө эх бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэж яваа Бичгийн хүмүүн Сэдхүүгийн Үнэнбуянтай уулзаж ярилцлаа.
Тэрээр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн. Төрийн албанд 40 шахам жил ажиллахдаа мэргэжилтнээс аймгийн Засаг даргын орлогч, хэлтсийн даргаас аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга хүртэл аймгийн хэмжээнд мөрдөх төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийн хамгийн дээд түвшинд нь ажилласан эрхэм. Түүнийг хүмүүс ихэвчлэн Үбэ дарга гэж авгайлна. Өдгөө Үбэ дарга гавьяаны амралтад сууж, бичиг соёлын ажилдаа илүү цаг заваа зарцуулан, тэр дундаа эвхмэл монгол бичиг гэх төрлийг Хонгор нутагтаа таниулж, хөгжүүлэн дэлгэрүүлэхээр шамдаж явна.
-Танайд орж ирэхэд нүднээ туссан энэ ханан дээрх бичвэрээс яриагаа эхлэх нь зүй санагдлаа. Та гэртээ Эзэн Чингис хааны эш хөргийг дан зургаар нь биш өөрийнх нь айлдвар сургаалтай нь тавьсан байна. Яасан сайхан зохицол вэ?
-Одоогоос 800-гаад жилийн тэртээ Их Монгол Улсыг байгуулж, мянганы суут хүнээр өргөмжлөгдсөн Их эзэн богд Чингис хааны эш хөргийг албан байгууллага, айл өрх бүр хүндэтгэлтэйгээр залах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарахад үнэнхүү сэтгэл бахдан, гүнээ талархан хүлээж авсан. Ингээд Их хааныхаа хөргийг хоймортоо залахдаа үндэсний монгол бичгийн сонгомол хэлбэр болох эвхмэл монгол бичиг буюу гоёл чимэглэлийн үсгээр бичиж давхар байршуулсан юм. “Алд бие минь алжааваас алжаатугай. Аху төр минь бүү алдартугай. Бүтэн бие минь зовбоос зовтугай. Бүрэн улс минь бүү алдартугай” гэх алтан сургаалыг нь мөнхжүүлсэн хэрэг. Орж гарсан хүмүүс их л сонирхож, ийм байдлаар бүтээлгэж залъя гээд захиалга өгөх маягтай болчихлоо шүү.
-Эвхмэл монгол бичиг гэдгийг илүү дэлгэрүүлж өгөөч. Энэ хэлбэрийг сонгон авч, дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэж байгаагийн хувьд онцлог талыг нь хэлж өгнө үү?
-Монгол бичиг ямар ч хэлбэрээр бичсэн тансаг даа, тансаг. Монголчуудын бичиг үсэгт гоёл чимэглэлийн эвхмэл бичиг онцгой байр суурь эзэлдэг.
Дорно зүгийн улс орнуудын дотор хээ угалз мэт чимэглэл нь уран дүрслэлийг илэрхийлдэг. Өнөөдөр монгол бичгийн каллиграф буюу уран бичлэгийн төрлийг сонгож хичээллэгсэд маш олон болсон, энэ сайн хэрэг. Харин эвхмэл бичгээр оролдож байгаа уран бүтээлчид харьцангүй цөөн байна.
Иймд энэ төрлийг хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа нь энэ. Эвхмэл монгол бичиг үнэхээр гоёмсог, хээнцэр. Саяхан ӨМӨЗО-ны радиогоор сайхан хүүхнийг “Ороод ирэхэд нь хараад баймаар, гараад явахад нь дагаад баймаар” гээд магтаж байхыг сонссон. Тэр үг надад монгол бичгийг хэлж байгаа зүйрлэл шиг санагдсан. Сайхан монгол бичгийг хараад л баймаар, үнэхээр түүнд шимтэхээр цаашид суралцаж эзэмшмээр санагддаг шүү дээ. Эвхмэл бичиг ёстой хараад ханашгүй, зураад дуусашгүй учир энэ бичигт илүү гүн дурлаж явна.
-Та сүүлийн үед ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
-“Бүтээл” гэхээр нэр нь томдох байх аа. Бага зэрэг зүйл оролдож л байна. Төвөдийн зохиолч Сажа Бандида Гунгаажалцаны зохиосон “Эрдэнийн сан Субашид” хэмээх 457 бадаг, 1828 шад шүлэглэсэн сургаалын зохиолыг монгол бичиг, кирилл бичгээр хамтатган гараар бичиж хийлээ. Эзэн Чингис хааны сургаал, Бурхан багшийн сургаал, сумдын ИТХ-ын 31 төлөөлөгч, аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгч, УИХ-ын 76 гишүүний овог, нэрийг тэрбум модны хэлбэрт оруулан бичлээ.
Хүний овог, нэрийг бичихдээ бус, түүгээр дамжуулан эх хэл бичгээ сурталчлах санааг ойлгох хэрэгтэй. Мөн хүмүүсийн овог, нэрийг өөрийнх нь хүсэлтээр эвхмэл бичгээрээ бичиж бэлэглэдэг болсон. Ам дамжиж, басхүү тийм “бүтээл”-ийг маань нүдээр харсан хүмүүс сонирхон холбогдож, бичүүлэх захиалга өгсөөр байгаа нь үл тасрах хэлхээ болох юм байна гэж найдвар төрөн сууна. Ер нь сонирхсон бүхнээ содон болгохыг л хичээн сууна даа.
-Ингэхэд та Үндэсний монгол бичгээ хэзээ, хаана сурч эзэмшсэн бэ?
-Монгол Улс нийгмийн нэг байгуулалтаас нөгөөд шилжиж, 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, төрийн албан хэргийг монгол бичгээр хөтлөх тухай шийдвэрүүд гарч эхлэх болсон. Тухайн үед төрийн албан хаагчид монгол бичиг мэдэхгүй, ямар ч бэлтгэлгүй байсан цаг. Тэгээд улсын хэмжээнд аймаг бүрээс “Монгол бичгийн эх зохиогч” тус бүр нэгийг бэлтгэсэн юм. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын кириллээр бичсэнийг би монгол бичгээр хөрвүүлж бичээчид өгөөд, хэвлэгдсэний дараа хянан, зохих газарт нь явуулах үүрэгтэй байв. Тийм хүнийг дээр үед төрийн албаны “Навтарга эрхэлсэн түшмэл” гэдэг байсан юм билээ. Ингэж л миний монгол бичиг сонирхох, сурч эзэмших эхлэл тавигдсан юм.
-Үндэсний бичигт илүү шимтэхэд нөлөөлсөн зүйл юу байв? Мөн үлгэр дуурайл авдаг бичгийн хүмүүс байсан л байх даа.
-Байлгүй яахав. Миний аав Т.Сэдхүү гэж цэрэгт байхдаа заалгасан, унаган монгол бичигтэй хүн байлаа. Мөн миний төрсөн ах С.Норовсамбуу ХААДС-д оюутан байхдаа монгол бичгийг бие даан сурчихсан айхтар номтой хүн байв. Оюутны амралтаараа ирэхдээ миний нэрийг монгол бичгээр бичиж өгөхөд нь би дуурайлгаж бичээд сурчихсан. Өөр үг, үсэг мэддэггүй ч нэрээ бичээд л үеийнхэндээ гайхуулдаг байлаа. Монгол бичгээр сийлдэг сайхан ахмадууд ч олон байв. Энд онцолж Л.Балдандорж багшаа, Ч.Амгалан ахыгаа л магтана даа. Чулууны Амгалан ах монгол бичгийн таталган болон уран бийрийн бичлэгээрээ бас л гангардаг хүн шүү дээ.
-“Монгол бичгийн эх зохиогч”-оор суралцсан тань төрийн албанд ажиллаж байх үеийн дурсамж юм байна. Ингэхэд таныг хүмүүс “Төрийн хар хүн” хэмээн нэрлэж их л хүндэтгэж байгаа харагддаг. Ажлын туршлагаасаа хуваалцвал?
-Ээ “Төрийн минь сүлд өршөө” гэж монголчууд идээ цайныхаа дээжийг өргөн залбирдаг шүү дээ. Төр хүчтэй байх ёстой. Төрийн алба хашна гэдэг нь нэр төрийн хэрэг байх учиртай. Би төрсөн нутагтаа сэтгэл уяатай байж 40 шахам жил төрийн удирдах албан тушаалд ажилласан хүн л дээ. Ер нь хуулийн хүрээнд хоёргүй сэтгэлээр ажиллаж байхад ажил аяндаа урагштай байж хамт олноороо хүрээлүүлдэг юм. Төрийн ноён нурууг алдахгүй байхыг үргэлжид хичээж, хэнд ч хэзээд ч нэг зангаар байж, чаддаг бол зөвлөж, мэддэг бол зааж сургаж байдаг байсан болохоор төрийн албан хаагчид намайг хүндэтгэж харьцаж байгааг нь анзаардаг шүү.
-Төрийн албаны халааг үргэлжлүүлж яваа залуу хойч үеийнхэндээ хандаж юу хэлэх бол?
-Төрийн албан хаагчид маань дээд газрын шийдвэр хууль тогтоомжийг хэрэгжүүлнэ, ард иргэдэдээ үйлчилгээ үзүүлнэ. Өөрөөр хэлбэл хоёр эзний нэг зарц шүү дээ. Тэдэндээ Эзэн богд Чингис хааны “Түмэн түмэн хүнээс Төрийн хэрэг мэдэх нэгэн хүмүүн” бээр хэмээн хэлснийг эш үндэс болгож, хариуцсан ажилдаа эзэн нь байгаарай гэж захидаг. Хайр хүлээсэн хүмүүс хараа дээгүүр, цэх алхдаг юм аа.
-Эргээд үндсэн сэдэв рүүгээ оръё. Монгол бичгийн үүх түүх, судалж мэдсэн зүйлээсээ ярьж өгөөч?
-Би хэл шинжлэлийн багш, судлаач биш. Гэлээ гэхдээ надад “найдан” ийм асуулт тавьж байгаад талархаж байна. Би Монгол гэсэн тодотголтой л бүхнийг тодруулж мэдэхийг хичээж ирсэн эгэл жирийн сонирхогчдын нэг. Наймдугаар зуун буюу 745-840 онд Төв Азид ноёрхож байсан эртний хаант улсын нэг Уйгур улсын соёлын хамгийн том ололт бол бичиг үсэгтэй болж, гадаад хэлээс судар, шаштир орчуулж байсан байдаг. Тэрхүү бичиг нь Дундад Азийн соёлт гүрэн Согдоос гаралтай гэж судлаачид үзсэн байдаг. Эл бичгийг Түрэг, монгол угсааны аймгууд хэрэглэж байжээ. Уйгур бичиг нь 1200-гаад оноос Их Монгол Улсын албан ёсны бичиг болж, 1950 он хүртэл Монголын түүхийг бичилцсэн аугаа соёлын өв юм.
Манай улс 1940 оноос кирилл буюу шинэ үсгийг хэрэглэж эхлээд 1950 оны 7 дугаар сарын 1-ний өдөр МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 31/27 тоот тогтоол гарч, монгол бичиг халагдсан түүхтэй. 1990 он хүртэл монгол бичгийг хэрэглэх нь байтугай хэлж зүрхэлдэггүй байсан цаг үе.
Сүүлийн 30 орчим жил сэргээх хандлагатай болж, ойрын үед нэлээн хөгжих төлөвтэй болж байна уу гэж харж байгаа. Монгол бичиг бол Монгол Улсын дархлаа юм шүү.
Хуулиар хүн бүр монгол хэлээ төгс эзэмшиж, монгол бичгээ сурах шаардлага тавигдаж байгаад миний бие туйлаас баярлаж байна.
-Өдгөө монгол бичгийн хэрэглээ ямар түвшинд байна гэж боддог вэ?
-Сүүлийн 30 жил Монгол Улсын Засгийн газраас Монгол бичиг 1, 2, 3 үндэсний хөтөлбөр боловсруулж гаргасан нь зохих үр дүнгээ өгч шат шатандаа тодорхой түвшинд эзэмшин, Үндэсний бичиг соёлын өдөртэй болж, 2025 оноос хос бичгээр албан хэрэг хөтлөх тухай хууль батлагдаж, зарим албан газар, байгууллага аж ахуйн нэгжүүд хаяг шошгоо хийлгэж байна.
Монгол бичиг сурахад хэцүү гэдэг ойлголт газар авсан нь түүний хэрэглээ хангалттай түвшинд байж чадахгүй байгаатай холбоотой. Цаг үе, хэлний хөгжилтэйгээ уялдуулан монгол бичгийг шинэ дүрэмтэй болгох шаардлага үнэхээр бий юу гэвэл бий. Хэл судлаачид, эрдэмтэн мэргэд дүрмийн талаар хэлэлцвээс миний зүгээс дэвшүүлэх санал ч байгаа.
-Эх бичиг соёлоо дэлгэрүүлэх үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа таны хувьд энэ төрлийн ажлынхаа залгамж халааг хэрхэн бэлдэж байгаа бол. Мөн үр хүүхдүүдээс тань бичгийн хүмүүн бий болов уу?
-Манайх гурван хүүхэдтэй. Ууган хүү, багш, хуульч мэргэжилтэй. Удаах охин, хүний их эмч, бага охин инженер. Хүүхдүүд маань нийгмийн нэгэн үеийн сиймхийгээр монгол бичиг үзчихсэн, түүнийгээ бие даагаад хөгжүүлсэнд нь баярлаж явдаг. Гурван хүүхдийнхээ дунд уралдаан зарлан, дүгнэж урамшуулдаг уламжлал эртнээс тогтсон. Түүнтэй холбоотойгоор ч юм уу заримдаа аавыгаа шалгах маягтай, мэтгэлцэх шинжтэй байдаг шүү. Одоо тэдэндээ эвхмэл монгол бичгийг зааж сургахаар “сургалтын бэлтгэл ажил”-аа хангаж байна. Хань маань монгол бичгийг үсэглэж, үелээд уншчихна, бас ч үгүй бичнэ. Дажгүй, дажгүй. Саяхнаас ач хүүгээ дадлагажуулж байгаа, сайн сурах ирээдүй харагдаж байгаа шүү.
Ер нь миний хөгжүүлж дэлгэрүүлэхээр зорьж яваа эвхмэл монгол бичиг хэмээх хэлбэрийг сонирхон судлахаар зорин ирвэл хэн бүрт нээлттэйгээр зөвлөн тусална шүү гэдгийг хэлье.
-Ярилцсанд баярлалаа.
https://montsame.mn/mn/read/305970