Голомт банк, Худалдаа хөгжлийн банк хамтран ATM-ын шимтгэлээ буурууллаа
Голомт банк болон Худалдаа хөгжлийн банк харилцагчийн үйлчилгээний нөхцөлийг сайжруулах зорилготой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг болон Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч П.Мөнхнаст нар талуудыг төлөөлөн гарын үсэг зурсан юм. Энэхүү санамж бичгийн хүрээнд зарлагын гүйлгээний шимтгэлийг багасгаж, хоёр талын өөртөө үйлчлэх банкны төхөөрөмж /ATM, CDM, CRM/ дээр бэлнээр зарлага гаргахад шимтгэл 500₮ байсныг 100₮ болгон бууруулж байна. Өөрөөр хэлбэл Голомт банкны картын харилцагч Худалдаа хөгжлийн банкны ATM төхөөрөмжөөс эсвэл Худалдаа хөгжлийн банкны харилцагч Голомт банкны ATM төхөөрөмжөөс бэлэн мөнгө авахад дээрх үнийн дүнгээр шимтгэл төлөх боломжтой боллоо.