Жо Байден анх удаа Ойрхи Дорнодод айлчиллаа

467


'АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Израиль, Саудын Араб тэргүүтэй Ойрхи Дорнодын орнуудад ерөнхийлөгч болсноосоо хойш анх удаа хийсэн дөрвөн өдрийн айлчлал бямба гарагт дууслаа. Тэрбээр айлчлалаа Израилийн удирдагчдын уулзалтаар эхлүүлсэн юм. Энэ үеэрээ хоёр улсын аюулгүй байдлын харилцааг өргөжүүлэх хийгээд бүс нутгийн тогтвортой байдлын эсрэг Ираны хүчин зүтгэлийн талаар хэлэлцжээ. Үүний дараагаар тэр Саудын Арарын Жидда хотод зочилж, тус бүс нутгийн үйл хэрэгт Америк идэвхитэй оролцож байгаа талаар ярилцсан байна. Мөн тус улс дахь геополитикийн асуудалд Хятад болоод Оросын нөлөө, эзлэх байр суурийг өргөжихийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Байден энэ үеэр мэдэгджээ. Түүний айлчлал эхлэхээс өмнө  Байдены Засаг захиргаанаас “Сэтгүүлч Жамал Хашоггигийн аллагаас хойш олон жилийн дараа Америк Саудын Араб хурцадсан харилцаагаа сэргээхээр зорьж байна” хэмээн мэдэгдэж байв. Энэ хүрээнд уулзалтын үеэр Байден хоёр орны харилцааг сайжруулах чиглэлд хийж хэрэгжүүлэх олон шинэ бодлого, шийдвэрийг зарласан юм.
 
Сэтгүүлч Жамал Хашоггигийн аллагын тухайд Байден “Америкийн ерөнхийлөгч хүний эрхийн зөрчлийн талаарх асуудалд чимээгүй өнгөрвөл би болоод манай улс хэн болох бэ. Бид үнэт зүйлийнхээ төлөө үргэлж тууштай зогсох болно. Олон жилийн туршид би шүүмжлэлд өртсөн нь надад амар байгаагүй. Гэхдээ нээлттэй ярьж, санаа бодлоо чөлөөтэй солилцох нь шинэчлэлийг авчирдаг” гэж ярьжээ.
 
Их Британи, Ойрхи Дорнодын орнууд болон түүний холбоотнуудтай дипломат харилцаа тогтоох нь Америк дахь газрын тосны үнийг бууруулахад тусална хэмээн Байден үзэж байгаа юм. Тиймээс айлчлалын үндсэн зорилгын нэг нь газрын тосны үнийг бууруулах арга замыг хайхад чиглэж байна. Учир нь Америк хоёрдугаар сараас хойш инфляцийн өндөр өсөлт болоод газрын тосны үнийн өсөлтөд “дарлуулаад” байгаа юм. Үүнээс үүдэн бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн нь иргэдийг нь бухимдуулаад байгаа билээ.
 
Айлчлалынхаа үеэр Байден “Америкийн нэгдсэн улс Ойрхи Дорнодын идэвхитэй, найдвартай түнш хэвээрээ байна гэдгийг би батлан хэлье. Бүс нутгийг Ираны аюул заналхийллээс хамгаалахын тулд Израильтай үргэлжлүүлэн хамтран ажиллана” гэв. Харин Израилийн Ерөнхий сайд Яир Лапид “Жо Байдены хэлсэн үг болоод дипломат харилцаа Ираныг зогсоохгүй. Харин Иран цөмийн зэвсгээ хөгжүүлэх юм бол чөлөөт дэлхий хүчээ ашиглана гэдгийг мэдэх нь тэднийг зогсоох цор ганц зүйл юм” гэсэн байна.Израильд хийсэн айлчлалынхаа үеэр ярьсан Жо Байдены үндсэн сэдэв нь Иран байсан юм.
 
Б.ДОЛЖИНЖАВ 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn