ОУВС ажлын хэсгийн түвшинд манайд 99 сая ам.долларын шуурхай санхүүжилт олгох хэлэлцээрт хүрчээ

719

Олон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсэг 2020 оны тавдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Монгол Улсын эрх баригчидтай цахим уулзалт зохион байгуулсан юм. Тус уулзалтын үеэр Ковид-19 цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө, өрийн тогтвортой байдал болон бусад асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Уулзалтын дараа Шуурхай санхүүжилтийн хэрэгсэлд Монгол Улсыг хамруулах хүсэлтийг хэлэлцэж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн яаралтай төлбөрүүдийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 72.3 сая зээлжих тусгай эрх буюу 99 сая ам.долларын санхүүжилт олгох ОУВС-гийн ажлын хэсгийн түвшний хэлэлцээрт хүрчээ.

Ажлын хэсгийн гаргаж байгаа хэвлэлийн мэдээлэл нь ОУВС-гийн мэргэжилтнүүдийн баг гишүүн оронд ажиллаж гаргасан урьдчилсан үр дүнг танилцуулдаг. Энэхүү мэдээлэлд илэрхийлсэн байр суурь нь ОУВС-гийн мэргэжилтнүүдийн байр суурь бөгөөд тус сангийн Захирлуудын зөвлөлийн байр суурийг заавал илэрхийлэхгүй. Үнэлгээний урьдчилсан үр дүнд үндэслэн ажлын хэсэг тайлан боловсруулж, ОУВС-гийн удирдлагаар батлуулсны дараа Захирлуудын зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэр гаргуулах юм байна.

• КОВИД-19 цар тахлаас үүдэлтэйгээр Монгол Улсын эдийн засагт бий болоод байгаа хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх ОУВС-гийн Шуурхай санхүүжилтийн хэрэгсэл (ШСХ)-д яаралтай хамруулах хэлэлцээрт ажлын хэсгийн түвшинд хүрлээ.

• КОВИД-19 нь Монгол Улсын макро эдийн засгийн төлөвийг сулрууллаа. Засгийн газраас вируст халдварын тархалтыг хязгаарлахын тулд шуурхай арга хэмжээг авсны дээр эдийн засгийг сэргээх, нийгмийн нөлөөллийг бууруулах өргөн хэмжээний багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

• ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр ШСХ-д хамруулах хүсэлтийг баталснаар бусад донор орнуудтай хамтран Монгол Улсын төсөв болон төлбөрийн тэнцлийн яаралтай хэрэгцээг хангахад туслалцаа үзүүлнэ. Уг хүсэлтийг Захирлуудын зөвлөлөөр 6 дугаар сарын эхэнд хэлэлцэх хүлээлттэй байна.

Жэф Готтлийбээр ахлуулсан Олон улсын валютын сан (ОУВС)-ийн ажлын хэсэг 2020 оны 5 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Монгол Улсын эрх баригчидтай цахим уулзалт зохион байгуулж 72.3 сая ТЗЭ (99 сая ам.долларын) санхүүжилт бүхий яаралтай санхүүжилт олгох хүсэлтийг хэлэлцсэн. Уулзалтын үеэр КОВИД-19 цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө, эрүүл мэндийн эрсдэлийг хязгаарлах төлөвлөгөө, өрийн тогтвортой байдал, нөөцийн хүрэлцээ зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Ажлын хэсгийн айлчлалыг дүгнэж ноён Готтлийб дараах мэдэгдлийг хийв. Тэрээр:

-“КОВИД-19 цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх, эмзэг бүлгийн иргэдийг хамгаалахаар авч хэрэгжүүлж буй бодлогын тухай үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо. Өнөөг хүртэл Монгол Улс вирусийн тархалтыг амжилттай хязгаарлаж байна. Хэдий тийм ч экспортын орлогын бууралт болон цар тахлын эсрэг авч буй арга хэмжээнүүд нь эдийн засагт томоохон сорилт болж байна.

-Монгол Улсад ОУВС-гийн дэмжлэгтэй хэрэгжиж буй, 2020 оны тавдугаар сарын 23-нд эцэслэх хөтөлбөрийн хүрээнд улсын өрийг бууруулах, нөөц хуримтлуулах зэрэг чиглэлээр эдийн засгийн дархлааг бэхжүүлэхэд сүүлийн жилүүдэд томоохон ахиц гарлаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд эрсдэлээс хамгаалах бодлогыг бий болгосны үр дүнд эрх баригчдын зүгээс тахлын эсрэг тэмцэх яаралтай арга хэмжээг авах чадамжийг бүрдүүлжээ.

-Анхаарвал зохих нэн тэргүүний зорилт бол тахал өвчин болон түүний нөлөөнд хамгийн их хохирч болзошгүй эмзэг бүлэгт чиглэсэн Засгийн газрын үр ашигтай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх явдал юм. Түүнчлэн, цар тахлын макро эдийн засгийн тогтвортой байдалд учруулж буй дарамтыг бууруулахын тулд эрх баригчид зардлаа эрэмбэлэх замаар төсвийн сахилга батыг хангах, илүү уян хатан ханшийн системийг хүлээн зөвшөөр ч ихээхэн хүчин чармайлт гаргаж хуримтлуулсан нөөцөө хадгалах шаардлагатай юм.

-Харин вирусийн тархалт багассаны дараа дотоодын өрийг бууруулах, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, банкны өөрийн хөрөнгийг өсгөх чиглэлд арга хэмжээ авахыг зөвлөж байна. Ялангуяа, эрх баригчдын зүгээс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үргэлжлэл болгон банкны салбарын шинэчлэлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхтэй санал нэгдсэн гэснийг Монголбанкнаас мэдээллээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn