Л.Өлзийсайхан: Танхимд аль болох цөөн гишүүн, тодорхой зайд сууж хуралдана

760

Улсын Их Хурлын хаврын чуулган дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ. Корона вирусийн халдварын онцгой нөхцөл үүссэнтэй холбоотойгоор чуулганы нээлтийг цахимаар зохион байгуулахаар болжээ. Энэ асуудлаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхантай уулзаж ярилцлаа.

-Хаврын чуулган нээлтээ ч, хуралдаанаа ч цахим орчинд хийх юм байна гэж ойлголоо. Чухам ямар арга, хэлбэрийг сонгож байгаа вэ?

-Ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 6-ны даваа гарагийн 12.00 цагт эхлэхээр товлогдож байна. Энэ удаагийн чуулган урьд өмнө тохиолдож байгаагүй онцгой нөхцөлд зохион байгуулагдах гэж байгаагаараа онцлог юм.

Өөрөөр хэлбэл COVID-19-ийн халдвар дэлхий дахиныг түгшээсэн, манай улсад өндөржүүлсэн бэлэн байдал зарласан, тодорхой хязгаарлалт тогтоосон нөхцөлд цахимаар явагдах болж байна. Өмнө нь ийм практик байгаагүй учраас шинэ нөхцөлд, шинэ арга хэрэгсэл ашиглах бэлтгэлийг хангах их ажил Тамгын газарт өрнөж байгаа. Бид УИХ-ын дарга Г.Занданшатарын баталсан төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

Хэлбэрийн хувьд нээлтийн үйл ажиллагааг УИХ-ын нэгдсэн хуралдааны болон А, Б, В, Г танхимуудад зохион байгуулна. Шаардлагатай бол Нээлттэй сонсголын танхимыг ашиглах боломжтой. Нэг танхимд 20 хүртэл гишүүн байхаар тооцож байгаа. Тусгай программ ашиглаж, танхимуудад байгаа дэлгэцээр дүрсийг харуулах байдлаар зохион байгуулна.

-Ямар программ ашиглаж байгаа вэ. Нээлтийн хуралдаан хийхэд харьцангуй хялбар байх. Цаашдаа Байнгын хороо, нэгдсэн хуралдааныг хийхэд төвөгтэй асуудал үүсэх үү?

-Цахимаар хурал зохион байгуулах программ, техникийн шийдэл зөндөө бий. Тухайлсан нэг сэдвээр, цөөн хүний хүрээнд, эсвэл нэг байгууллагын дотоодод цахим хурал хийхэд эдгээр программаас аль тохирохыг сонгоод хийхэд ямар ч асуудалгүй л дээ. Харин хууль тогтоох дээд байгууллага болох парламентын хуралдаан тусгай дэгээр зохион байгуулагддаг. Хуулийн төслийг боловсруулах, хүргүүлэх, гишүүд ирцэд бүртгүүлэх, үг хэлэх, санал өгөх гээд бүх үйл ажиллагаа тусгайлсан дэгийн дагуу, хуулийн зохицуулалттай явдгийг та мэдэх байх. Энэ бүхнийг ямар ч гацаа саадгүй, эрсдэлгүй, зөв, маргаангүй, хуулийн дагуу явуулахад сайн программ сонгох, түүнийг шинээр хөгжүүлэх шаардлага гарч байна. Тэдгээрийг манай Тамгын газрын холбогдох хэлтэс, нэгжийн ажилтнууд чанартай, сайн хийж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Ямар программ ашиглаж байгаагийн тухайд нэрлэж хэлэх боломжгүй байгааг ойлгоорой. Нууцлал, аюулгүй байдалтай холбоотой асуудал юм л даа.

-Байнгын хорооны болон пүрэв, баасан гарагийн нэгдсэн хуралдааны тухайд…

-Байнгын хороо хуралдааныхаа танхимд хуралдахад ямар ч асуудал гарахгүй. Байнгын хороод дээд тал нь 19 гишүүнтэй. Манай хуралдааны танхимуудад үг хэлэх, санал хураах төхөөрөмж хангалттай. А, Б танхимд гэхэд 45-65 төхөөрөмж байна. Ер нь аль ч хуралдааныг Төрийн ордонд, хуралдааны зориулалтын танхимд зохион байгуулах, гишүүд өрөөнөөсөө хуралдаанд оролцоход асуудал үүсэхгүй байх гэж бодож байна. Харин ордноос өөр газраас, зайнаас хуралдаанд оролцох шаардлага гарсан тохиолдолд техникийн нэмэлт нөхцөл бүрдүүлэх шаардлага гарна. Энэ болон бусад болзошгүй нөхцөлд ажиллах боломжийг бүрэн бүрдүүлэх чиглэлээр манай Мэдээллийн технологийн хэлтэс ажиллаж байгаа.

-Хаврын чуулган үргэлжлэх бүхий л хугацаанд цахимаар хуралдах уу?

-Онцгой нөхцөл үргэлжилж байгаа хугацаанд цахимаар хуралдаж таарна. Онцгой нөхцөл хумигдаж, байдал намжсан үед урьдынхаараа, хэвийн нөхцөлд үргэлжлэх нь тодорхой. Нөгөө талаар чуулган хуулийн хугацаагаа дуусгаж завсарлах хүртэл цахимаар хуралдахыг ч үгүйсгэх аргагүй шүү дээ. Тиймээс байнгын, найдвартай байдлыг хангах нь Тамгын газрын үүрэг.    

-Ер нь бол Улсын онцгой комисс нэг дор олон хүн цуглаж, хуралдахыг хориглож байгаа. Хорь хүртэл хүн гэхээр олондоо орох байх. Энэ хоригийг хэрхэн зохицуулж байгаа вэ?

-УИХ-ын гишүүд онцгой нөхцөл үүссэн үед хууль тогтоох, хойшлуулшгүй шийдвэр гаргах ёстой байгууллага үйл ажиллагаагаа явуулахгүй байх ёсгүй, хуралдаанаа хугацаандаа эхлүүлье гэсэн байр суурьтай байгаа л даа. Гэхдээ УОК-ын шийдвэрийг нийтээр дагаж биелүүлэх үүрэгтэй. Тиймээс хүмүүс хоорондын зайг 2-3 метрээс доошгүй байлгах, ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг сайтар авах, тодорхой хязгаарлалтууд тогтоох зэрэг УОК-ын шаардлага, анхааруулгыг ёсчлон биелүүлнэ.
Танхимд цөөн гишүүн, тогтоосон зайнд бие биеэс хол сууна. Маск, ариутгалын бодисыг байршуулна, танхимын эрүүл ахуйн нөхцөлийг хангана.

-Гишүүд ирцэд бүртгүүлэх, санал өгөхдөө хурууны хээ ашиглана гээд Дэгийн тухай хуульд заачихсан. Зайнаас оролцоход хурууны хээгээ ашиглаж болох уу?

-Ашиглах боломжийг бүрдүүлнэ. Та бид гар утас, зөөврийн компьютер, ipad зэргээ нээхдээ хурууны хээгээ ашигладаг шүү дээ. Бараг л хүн бүхэнд дасал болсон үйлдэл. Тэгэхээр боломжтой гэсэн үг. Жишээ нь, манай парламентын гишүүдэд зориулсан хөдөлгөөнт оффисын систем байдаг. Ipad-д зориулсан гэсэн үг л дээ. Тухайлбал, түүнийг ашиглаж болно гэж үзэж байгаа.

-Хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах асуудал үүсэх үү?

-УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд цахим хуралдаан хийх нарийвчилсан заалт байхгүй. Цахим хуралдааныг онцгой нөхцөлд хийх тул түүндээ тохирсон тусгай зохицуулалт шаардагдаж байгаа юм. Тухайлбал, хурууны хээгээр ирц, санал хураалтад яаж оролцох, хэлэлцэх асуудлын материалыг хэрхэн хүргүүлэх, зайнаас ямар байдлаар оролцох, үг хэлэх, байр сууриа илэрхийлэхдээ дараалалд хэрхэн орох болон хориглох зүйл гэх мэтийг тодорхой заах зайлшгүй шаардлагатай.

Тиймээс Цахим хуралдааны дэгийг тогтоосон нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дээр Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нарын зэрэг гишүүд ажиллаж байна. Төслийн талаар хэлэлцүүлэг хийж, гишүүдээсээ санал авна. Улмаар УИХ-ын даргад өргөн барьж, Байнгын хороо, Нэгдсэн чуулганаар хэлэлцэж батална.

-Нэгэнт онцгой нөхцөлд, тодорхой хязгаарлалтын хүрээнд УИХ-ын хуралдаан өрнөх болж байгаа болохоор сэтгүүлчдийн ажиллах журамд ч тодорхой хязгаарлалт хийгдэх үү?

-Чуулган, Байнгын хорооны хуралдаанд манай Тамгын газрын ажилтнууд, хуулийн ажлын хэсгийн гишүүд оролцдог журамтай. Бид онцгой нөхцөл үүссэнтэй холбоотойгоор дээрх хүмүүсийн тоог цөөлөх, эсвэл танхимуудад хувааж суулгах гэх мэт арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

Төрийн ордны гамшгаас хамгаалах албанаас сэтгүүлчид Төрийн ордонд ажиллахдаа хувцас, камер, микрофон зэргээ халдваргүйжүүлэх, техник хэрэгслээ шал болон хатуу гадарга дээр тавихаас болгоомжлох, ярилцлага өгч байгаа хүнээсээ 2-3 метрийн зай барих гэх мэт санамжийг Тамгын газарт ирүүлсэн байна лээ. “COVID-19”-ийн үед сэтгүүлчид хэрхэн ажиллах, аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ” сэдвээр олон улсын сэтгүүлчид цахим уулзалт хийж, зөвлөмж гаргасныг Та мэдэж байгаа байх.

Тэгэхээр тодорхой хязгаарлалтууд хийгдэх, мэдээ мэдээлэл авах, дамжуулах үйл ажиллагааны журамд өөрчлөлт орох асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Ер нь сэтгүүлч та бүхэн нэг талаар хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажилладаг хүмүүс шүү дээ. Эрсдэлээс сэтгүүлчдээ, иргэнээ хамгаалах нь төрийн холбогдох байгууллагын, түүний дотор Улсын Их Хурлын үүрэг гэж үзэж байна.

-Танд баярлалаа.      

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn