Е-баримт олгодоггүй иргэнийг 150 мянга, ААН-ийг 1.5 сая төгрөгөөр торгоно

457


Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах тухай Баянхонгор аймгийн Засаг даргын А/02 тоот албан даалгавар гарсан. Үүний дагуу Баянхонгор аймгийн хэмжээнд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн буюу борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээдийг Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын нэгдсэн системд иргэд, худалдан авагч, үйлчлүүлэгчдэд шаардлага хангасан төлбөрийн баримт олгох ажлыг эрчимжүүлэх ажлыг холбогдох газруудад үүрэг болгоод байна.
Тухайлбал, аймгийн МХГ, ХЭАХН-ийн Баянхонгор аймаг дахь салбар, Цагдаагийн газар, Татварын хэлтэст Татварын ерөнхий хуулийн 16.1.8-д заасан “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх” хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих, зөрчилтэй иргэн, хуулийн этгээдэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм.
Энэ дагуу өнгөрөгч сарын сүүлээр нийтийн хоол, рестораны чиглэлээр Баянхонгор хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 29 ААН-ийн үйл ажиллагаанд дээрх байгууллагын мэргэжилтнүүд хамтарсан шалгалтыг хийлээ.
Тус ажлын хэсэг шалгалтын эхний өдөр 20 гаруй ААН-ийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийхэд долоон аж ахуйн нэгж хуулийн хүрээнд үйлчлүүлэгчид Е-баримтыг зохих журмын дагуу хэвлэн олгож байсан бол 13 ААН иргэдэд Е-баримт өгөөгүй байв. Тиймээс дээрх ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг хурааж, зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг түр зогсоосон юм.
Харин шалгалтын хоёр дахь өдөр "Буян", "Сөүл", "Наммон" ресторан, "Оргил" бар, "Аялгуу" караоке, есдүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй "Баянбүрд" зоогийн газар, "New star" зочид буудал болон "Нэгдэлчин" зочид буудлын Е-баримт олгож байгаа эсэхтэй танилцлаа.
Ажлын хэсэгт аймгийн Татварын хэлтэс, Цагдаагийн газар, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд ажиллав.
"Буян" ресторан нь хоёр салбартай. Хотын төвд буюу хуучнаар ахуйн үйлчилгээний төвийн барилгад үйл ажиллагаа явуулж буй салбарт НАӨТ-ын баримт хэвлэх пос машин ажиллаж байгаа боловч ажилтнууд баримтыг хэвлэх мэдлэг дутмаг, 72 цагт багтаан хэвлэсэн баримтын мэдээллийг Татварын хэлтэс рүү илгээх ёстой талаарх ойлголтгүй байлаа. Тус рестораны дунд захын урд байрлах салбар баримт хэвлэж өгдөггүй, баримтаа авахыг шаардсан үйлчлүүлэгчийг нөгөө салбараасаа очиж аваарай гэдэг тайлбарыг хийж явуулдаг байна. Гэтэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэг аж ахуйн нэгжийн хоёр салбар байхаас үл хамаарч үйлчилгээний цэг тус бүрт Е-баримтыг хэвлэж олгох ёстой талаар тодорхой заажээ.
"Буян" ресторантай ижил зөрчил "Аялгуу" караокед мөн илэрсэн. Тус караокений эзэн өдрийн цагаар тавилгын дэлгүүртээ пос терминал машинаа ажиллуулаад оройн цагаар караокедоо оруулдаг байна. Тиймээс уг зөрчлийг арилгах хүртэл тусгай зөвшөөрлийг хурааж, үйл ажиллагааг түр зогсоолоо.
Биднийг "Оргил" барыг шалгах үеэр тус бар Татварын ерөнхий газраас пос терминал машин суурилуулах тусгай зөвшөөрөлтэй компаниар суурилуулалт хийлгэж байлаа. Анхлан Е-баримтыг хэвлэж, үйлчлүүлэгчдэд олгох төхөөрөмжийг 1.5 сая төгрөгөөр суурилуулж байсан тохиолдол байна. Гэхдээ одоо нэг иж бүрэн төхөөрөмжийг, программ хангамжийн хамтаар суурилуулахдаа 310 мянган төгрөгийн багцын үнийг санал болгож байна. Мөн гар утсан дээр суурилсан программ хангамжийг түүнээс хамаагүй бага зардлаар суулгаж өгдөг байна.
"Нэгдэлчин" зочид буудал, "Сөүл" рестораны хувьд Е-баримтыг үйлчлүүлэгчдээ тогтмол хэвлэж өгч заншсан байна. Олгосон баримтын бүртгэлийг тусгай дэвтэрт хөтөлж, 72 цагийн дотор татварын хэлтэст мэдээллийг тогтмол явуулж хэвшжээ. Харин "Наммон", "Баянбүрд" ресторан, "New star" зочид буудлууд пос машингүй, баримт өгдөггүй байна. Тиймээс уг зөрчлийг арилгах хүртэл тусгай зөвшөөрлийг нь түр хугацаанд хураалаа.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулийг хэрэгжүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 150 мянган төгрөгөөр, ААН-ийг 1.5 сая төгрөгөөр торгохоор байгаа юм. Тиймээс иргэн, ААН аль болохоор дээрх торгуулийг төлөхгүй байя гэвэл хуулийн дагуу Е-баримтыг иргэдэд олгох ёстой юм.
Аймгийн Засаг даргын албан даалгавраар байгуулагдсан ажлын хэсэг дараагийн ээлжинд хүнсний худалдаа эрхлэгчдийн НӨАТ-ын урамшууллын нэгдсэн системд холбогдсон эсэх, иргэдэд татварын баримтыг хэвлэн өгч байгаа зэрэгт хяналт шалгалтыг хийх юм.
Е-баримтыг иргэд, үйлчлүүлэгч тогтмол шаардаж авах нь чухлаар тавигдаж байна. Ингэснээр татварын буцаан олголтод хамрагдаад зогсохгүй сугалааны азтан болох боломж бүрддэг. Баянхонгор аймагт 1500-16600 төгрөгийн баримтаараа нэг саяас дээш төгрөгийн азтан болсон дөрвөн тохиолдол байна. Цаашид сугалааны супер азтан төрөн гарах ч боломж бүрэн байгаа юм. Тиймээс иргэд, үйлчлүүлэгчид баримтаа тогтмол авах, бүртгүүлэх шаардлага байна.
Аймгийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд цаашид НӨАТ-ын урамшууллын нэгдсэн системд холбогдоогүй иргэн, хуулийн этгээдүүдийн судалгаа мэдээллийг гаргаж, НӨАТ-ын урамшууллын нэгдсэн системд холбох ажлыг үр дүнтэй зохион байгуулж, Татварын хэлтсийн улсын байцаагч, хураагч нарт хуваарилан даалгах замаар биелэлтээр ажлын дүнд тооцдог болгож байна. Ингэсээр Баянхонгор аймгийн хэмжээнд НӨАТ-ын урамшууллын нэгдсэн системд холбогдох иргэн, хуулийн этгээдийн тоо эрс нэмэгдэнэ гэж үзжээ.
Ард иргэдийн зүгээс төлбөрийн баримт олгоогүй болон стандартын шаардлага хангаагүй QR код бүхий баримт олгоогүй талаарх санал гомдлыг Монгол Улсын Татварын ерөнхий газрын 1800-1218, Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн 7044-2249 дугаарын утсаар хүлээн авч байна.

Эх сурвалж: Баянхонгор аймгийн ЗДТГ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn