Амьжиргаагаа алдахад хүрсэн 80 мянган малчинд төр хэрхэн анхаарах вэ?

427
Манай улс 70.9 сая малтай. Үүнийг 30 жилийн өмнөх үетэй харьцуулахад 45.1 сая толгойгоор нэмэгдсэн үзүүлэлт. Тэгвэл эрсдэлийн үнэлгээгээр энэ зун ган болсон зургаан аймгийн 10 сая толгой мал хоргодох тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл, 80 мянган малчны амьжиргаа доройтно гэж үзэж буй юм. Зудын эрсдэлтэй бүсийн малчдад хэрхэн анхаарах талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.
 
ЗУРГААН АЙМГААС 5.2 САЯ МАЛЫГ ЭРГЭЛТЭД ОРУУЛНА 
Өвөлжилт хүндэрч болзошгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгаас дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны мах экспортлох тоо хэмжээг 40 мянган тонноор нэмэгдүүлэх шийдвэрийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс гаргалаа. Дээрх зургаан аймгаас нийтдээ 5.2 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой. ХХААХҮ-наас дээрх зургаан аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийх хүсэлтийг Улсын онцгой комисст гаргасан. Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд анх удаа зудын эрсдэлт аймгуудад дулааны аргаар боловсруулсан мах экспортлох тоо хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаж байгаа юм.
 
ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ НӨӨЦ САНГААС ГАРГАНА 
Засгийн газар өнгөрсөн лхагва гаригт  зуншлага муу байсан Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Төв аймагт өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах нэг тэрбум 960 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв. Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг хөдөө орон нутагт ажиллах үеэр зуншлага муу, бэлчээрийн даац хэтэрсэн аймгууд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, отрын бүс нутагт 2685 өрхийн хоёр сая гаруй малыг отроор өвөлжүүлж, хаваржуулах хүсэлт гаргажээ.
 
МУЗН ТУСЛАМЖИЙН ХЭЛБЭРЭЭ ӨӨРЧИЛНӨ 
МУЗН эрсдэл өндөр байгаа аймгийн малчдад тусламж хүргэдэг уламжлалтай. Тэгвэл энэ жилээс эхлэн тусламжийн хэлбэрээ өөрчилж хохирсных нь дараа биш урьдчилан олгохоор болжээ. МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Малчдыг зудын эрсдэлд өртөхөөс нь өмнө шаардлагатай тусламжийг үзүүлэхээр зорин ажиллаж байгаа. 2020-2021 оны зудын эрсдэлийн үнэлгээ арваннэгдүгээр сарын сүүлээр гарна. Үүний дараа буюу арванхоёрдугаар сарын эхээр тусламж хүргэх ажлыг ОБЕГ-тай хамтран зохион байгуулна” гэсэн юм. 
 
Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт хөтөлбөрийн хүрээнд найман аймгийн 1000 малчин өрхөд тус бүрт 240 мянган төгрөг, 198250 төгрөгийн үнэ бүхий малын эрдэс тэжээлийн багцын тусламж буюу 438250000 төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг энэ оны нэгдүгээр сард үзүүлсэн.

Гуравдугаар сард Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн хорооны Гамшгийн хариу яаралтай хариу арга хэмжээ авах сангаас нэмэлт санхүүжилт авч 766937500, төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ. Мөн өнгөрсөн зун 494 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ.
 
75 СУМЫН 80 МЯНГАН МАЛЧИН ЭРСДЭЛД ОРЖЭЭ 
Хамгийн сүүлд буюу өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгч Х.Баттулга шуурхай хурал зарлаж ган болсон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлага, холбогдох албаныхантай уулзлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга орон нутгийн иргэдтэй уулзах үеэр малчдын зүгээс малын ашиг шим, малчдын орлого эрс буурч, тарга тэвээрэг авч чадаагүй мал туувар даахгүй байгаа. Цаашид өвөлжилт хүндэрвэл олон тооны мал хоргодох нөхцөл байдал тулгараад байгааг хэлжээ.
Судалгаагаар 2020-2021 онд ган болсны улмаас өвөлжилт гамшгийн хэмжээнд хүрэх магадлалтай Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Архангай, Дундговь, Өмнөговь аймгийн 75 сумын 80 мянга гаруй малчны амьжиргаа, 7-10 сая мал эрсдэлд орох тооцоо гарсан байна.
Үүсэж болзошгүй эрсдэлийг хараад суух биш урьдчилан тооцож, хохирол багатай даван туулах менежментийг цаг алдалгүй хийж, төр, хувийн хэвшил хамтран холбогдох шийдвэрийг богино хугацаанд гаргаж ажиллахаар боллоо.
 
 
C.УянгаЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayankhongor.nutag.mn